Эдийн засгаа аврах ажиллагаа

2021/07/24

Эдийн засгаа аврах ажиллагаа

Цар тахлын шокоор туйлдаж, тамирдаж, тартагтаа тулсан эдийн засгаа АВРАХ ажиллагааг эхлүүлэхгүй бол болохоо байлаа. Хүнээр бол эдийн засаг маань эмнэлгийн сэхээний орон дээр хэвтэж байна. Хүссэн нь ирж дусал хийнэ. Болохгүй бол бөөн антибиотик өгнө. Хэрхэн сэхээнээс босгох эмчилгээний төлөвлөгөө, тактик ч алга. Эцэстээ эмч л хүнийг эмчилдэг. Тиймээс эдийн засагч, санхүүчид л эдийн засгийг эмчилнэ. Улс төрчид бол биш. Эдийн засгийг аврах ажиллагааг тэдэнд санал болгохсон.

ОНОШИЛГОО

Өвчтөнийг эмчлэхийн тулд эхлээд оношилдог. Ямар шинж тэмдэг, ямар зовиур биед нь илрээд байна гэдгийг тодорхойлдог. Бид ч гэсэн сэхээнд байгаа эдийн засгаа оношлох хэрэгтэй. Онош хийхийн тулд шинжилгээ авдаг. Азаар эдийн засгийн голлох хэдэн үзүүлэлт л энэ шинжилгээг гаргаад өгнө. Шинжилгээний хариуг 2021 оны эхний хагасын байдлаар харъя.

2021 оны эхний хагасын байдлаар эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн шинжилгээний хариу таагүй гарчээ. Зэс, нүүрсний үнэ өссөн байхад бид экспортоо нэмэгдүүлж чадаагүйгээс тэрхүү боломжийг ашиглаж чадсангүй. Дотооддоо мөнгө тараасан, гааль дээрх бөөгнөрлөө шийдэж чадаагүй гэх мэт олон шийдвэрийн уршгаар үнийн өсөлт огцом явагдаж байна. Төсвийн алдагдал хэдийн 1.4 их наяд гарч, хүнд нөхцөл байдалд байна. Тэгэхээр манай эдийн засгийн шинжилгээний хариу тун таагүй гарчээ. Аль хэсэгт нь таагүй гарч байгаа нь ч харагдана. Тиймээс түүнд тохирсон эмчилгээ бидэнд хэрэгтэй.

ӨМНӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ТОДОРХОЙЛОХ НЬ

2020 оноос хойш төсөв, мөнгөний тэлэх бодлогоор эдийн засгаа дэмжих эмчилгээ хийж байсан. Сангийн бодлого нь бэлэн мөнгө тараах, сар бүр тогтмол мөнгө өгөх, хөнгөлөлт үзүүлэх гэх мэтээр үргэлжилсэн. Ялангуяа сонгууль давхцаж байсан жилүүд учраас богино хугацаанд их хэмжээний бэлэн мөнгө тараах, зээл тэглэх гэх мэт үр ашиггүй бодлогуудыг ч авч хэрэгжүүлж байв. Улмаар төсвийн алдагдал 4 их наяд төгрөг давсан билээ.

Харин мөнгөний бодлого нь төв банкны бодлогын хүүг бууруулах, хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрээр явагдсан. Бодлогын хүүний нөлөө төдийлөн зээл олголтыг дэмжээгүй учраас хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээг түлхүү хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс 2021 оны эхний хагаст зээл нь жилийн 10 хувиар өсжээ.

Гэсэн хэдий ч цар тахалтай тэмцэх бодлого нь дээрх хоёр бодлогынхоо үр нөлөөг огцом сааруулж байв. Цар тахлаас сэргийлэх 5 удаагийн хөл хорио тавьсан нь өрхийн орлогыг 4 хувиар бууруулж, нийт ААН-н 70 хувь нь санхүүгийн хүндрэлд оров. Одоо ч аймаг хооронд хөл хорионы дэглэм, цагийн хязгаарлалт, олон нийтийг хамарсан арга хэмжээ зэргийг авч хэрэгжүүлсээр байна. Вакцин хэдий тустай ч найдвартай, эцсийн шийдэл биш гэдэг нь бүрэн батлагдлаа. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөрийг үр дүн эдийн засгийг огцом хямрахаас сэргийлсэн ч сэргээх, босгох хэмжээний байж чадсангүй.

АВРАХ АЖИЛЛАГАА

Өнгөрсөн нөхцөл байдлаа анализ хийхэд нэг гараараа эдийн засгаа аврах гэж байгаад нөгөө гараараа эдийн засгаа хорложээ. Үр дүнд нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүд нь талаар нэг болжээ. Тэгвэл одооноос эмчилгээний ямар тактик хэрэгжүүлбэл зүйтэй вэ? Угтаа энэ бүгдийг том зургаар нь авч хэрэгжүүлэх нэгэн байсан юм.

Цар тахалд зохицох, даван туулах 3 жилийн төлөвлөгөө гаргах: Бидний өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого том зургаа харж чадаагүйд байгаа юм. Жилийн дараа нөхцөл байдал дээрдэх мэтээр, вакцин хийвэл цар тахал арилчих мэтээр богино хугацааг харснаас болсон хэрэг. Гэтэл цар тахалтай бид дор хаяж 3 жил зохицож амьдрах ёстой гэсэн нүдээр харж эдийн засаг, эрүүл мэндийн бодлогоо хослуулах нь чухал. Цар тахал зогсоод ч эдийн засаг маш тамирдсан байх болно. Тэр үеэ ч бид давхар тооцож хөдлөх хэрэгтэй. 2024 он хүртэл сонгууль болохгүй учраас энэ 3 жилд сонгуулийн мөчлөг дагасан бодлого хэрэгжихгүй байх бүрэн боломж байна.

Гадаад худалдаагаа эрчимжүүлэх. Монгол улсын эдийн засгийг юу сэргээх вэ? зэс, нүүрс хоёр л сэргээнэ. Тиймээс түүхий эдийн үнийн өсөлтийн энэ үеийг ашиглан гарцаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Өдөрт 200 машин бус 2000 машин гарах хэмжээний эрхзүйн орчин, халдвар хамгааллын дэглэм, гадаад худалдааны бодлогыг Засгийн газраас авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Импортын хязгаарлалтыг зохицуулах. Өнөөдөр үнийн өсөлтийг өдөөж буй хүчин зүйл нь ердөө гааль дээр үүсгэсэн хязгаарлалтууд юм. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан түүхий эдийн бүх өртөг нэмэгдэх, улмаар үнийн өсөлтийн үндсэн шалтгаан болж байна. Тэгэхээр тээврийн зардал нь 3000 юаниас 30,000 юань давсан тэрхүү галзуурлыг зогсоох хэрэгтэй.
ААН, өрхөө дэмжсэн бодлогоо үргэлжлүүлэх. Өнгөрсөн хугацаанд хөнгөлөлттэй зээл авсан ААН-үүдийг өрхүүд нь худалдан авалтаараа дэмжих болно. Тиймээс өрхүүд дээрх хөнгөлөлтөө он дуустал хэрэгжүүлсэн нь зөв алхам болсон. Энэ мэт зөв бодлогуудаа барьж явах нь чухал. Тухайлбал, 2021 оны 1-р улиралд өрхийн орлого 4 хувиар буурсан байна. Тэтгэмжийн орлогын нөлөөг хасвал 9 хувиар буурсан байна. Тиймээс хүүхдийн 100 мянга хөтөлбөр энэ үед ямар нөлөөтэй байгааг харуулна.

Вакцинжуулалт хамрагдсан хүмүүст урамшуулал олгох. Ихэнх улсууд вакцинжуулалт эцсийн найдвар биш гэдгийг мэдсэн. Гэхдээ вакцинтай байх нь эргээд хүндээр өвдөх, нас баралтыг бууруулж чадсан. Тиймдээ ч вакцинжуулалтад хамрагдсан иргэдээ мөнгөн болон мөнгөн бус урамшуулал олгох болов. Хүний эрхтэй холбоотой нарийн асуудал боловч ингэж гэмээн олон нас баралтыг бууруулна.

Хязгаарлалтуудаа зогсоох. Үйлчилгээний байгууллагын үйлчлүүлэгчийн тоог хязгаарласан бол ядаж ажиллах цагийг нь хэвийн болгох хэрэгтэй. Үндэсний Статистикийн Хорооны судалгаагаар, хүндрэлд орсон ААН-д хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь үйлчлүүлэгчийн тоо буурсан, цагийн хязгаарлалтууд байв.

Эдийн засагч О.Батчулуун

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс