МЭДЭГДЭЛ

2026/05/05

Монгол Улсын бизнесийн орчин сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц муудаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад Монгол Улсын Засгийн газар, УИХ-д Улаанбаатар Хотын Худалдааны Танхимын гишүүд талархал илэрхийлэхийн ялдамд цаашид бизнес, хөрөнгө оруулалт, татварын эрс шинэчлэл хийж, бизнес эрхлэхэд чөдөр тушаа болж буй асуудлуудыг шийдвэрлэх, чөлөөлөх үйл ажиллагаагаа идэвхтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Хэдийгээр төр, хувийн хэвшлийн төлөөллийн холбогдох байгууллагууд дээрх чиглэлээр санаачилгатай, идэвхтэй ажиллаж байгаа хэдий ч бизнесийн орчныг сайжруулахад чухал түлхэц болох хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагуудын тогтолцоо, засаглал, үйл ажиллагааны чиглэлд томоохон шинэчлэл хийх байсан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг Монгол Улсын Их Хурал дэмжээгүйд харамсаж байгаагаа илэрхийлье.

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудаар иргэдийн эрх, ашгийг УИХ, НИТХ зэрэг тодорхой төрийн бүтцээр хамгаалдаг бол эдийн засгийн хөдөлгөгч хүч болох хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг илэрхийлж, төлөөлдөг ганц бүтэц бол “худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын тогтолцоо” байдаг гэдгийг санаж “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль”-ийг дахин хэлэлцэж танхимуудын тогтолцооны шинэчлэлийг хийх шаардлагатайг МЭДЭГДЭЖ БАЙНА.

УБХТ-ын гишүүд бид Монгол Улсад орон нутаг, эдийн засгийн салбаруудын танхимууд бие даан ажиллаж өөрийн орон нутаг, салбарын хөгжлийн төлөө идэвхтэй, хүчтэй дуу хоолойгоо гаргадаг, Үндэсний танхим нь “танхимуудын танхим” болж нийт хувийн хэвшлийн хүчтэй төлөөний байгууллага болж олон улсад төлөөлж ажилладаг болгож хөгжлийн дараагийн шатанд гаргах нь цаашид бизнесийн орчныг сайжруулах, эдийн засаг, бизнесийн тогтвортой бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд нэн чухал эерэг нөлөө үзүүлэх болно гэж үзэж байна. Иймд тус хуулийг дахин хэлэлцүүлэхийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хандан уриалж байна.

Улаанбаатар хотын Худалдааны Танхим

2026 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Үндсэн цэс