• Дотоод мэдээ
  • Ж.Дэлгэрсайхан: Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцтэй шийдвэр

Ж.Дэлгэрсайхан: Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцтэй шийдвэр

2022/06/28

зураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 10 хувьд хүргэх шийдвэр гаргав. Шийдвэрийн талаар СЭЗИС-ийн профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайханы байр суурийг сонслоо.

Тэрбээр “Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг ерөнхийд нь дэмжиж байна. Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж бусад бодлогын нэмэлт тохиргоо хийгээгүй нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцтэй шийдвэр. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд, үнийн өсөлт өндөр байгааг бид бүгд мэдэж байгаа. Үнийн өсөлтөөр дамжсан дарамт иргэдийн амьжиргаанд хүчтэй сөрөг нөлөөлж байгаа нь мөн тодорхой. Энэ хүнд нөхцөл байдал нь макро бодлогын амаргүй сонголтыг бидэнд тулгаж байна. Иймээс мөнгөний бодлогын хувьд харьцангуй бага хүүгийн өсөлтийг сонгосон нь зөв байх боломжтой.

Гэхдээ энэхүү үнийн өсөлтийг дан ганц мөнгөний бодлогоор хянах, удирдахыг хүчтэй оролдох нь эдийн засгийг эрсдүүлэх нөхцөлтэй юм.

Эдийн засаг хоёр жилийн хөл хорио, бусад хязгаарлагдмал нөхцөл байдлын дараа эргэн сэргэх шинж тэмдэг мэдрэгдэж эхэлж байгаа үед мөнгөний нийлүүлэлтийг огцом бууруулах нь ирээдүйн эрсдэлийг нэмэгдүүлэх хандлагатай юм.

Нөгөө талаас үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол, тээврийн үнийн өсөлт, тээврийн хугацааны асуудал. Үүн дээр нэмээд валютын ханшаар дамжсан импортын үнийн өсөлт нөлөөлж байна. Үүний эсрэг тэмцэх үндсэн арга нь мөнгөний захаас илүү нийлүүлэлтийн доголдлыг арилгах, экспортыг нэмэгдүүлэх явдал. Харамсалтай нь бид үүний эсрэг дорвитой зүйл хийх боломж хязгаарлагдмал байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Иймд мөнгөний хэт хумих бодлого явуулах нь энэ эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даамжруулж болзошгүй юм.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэртэй санал нэг байгаа боловч зарим дүгнэлтийг анхаарч цаашдын арга хэмжээгээ төлөвлөх хэрэгтэй гэж үзэж байна. Миний хувьд өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал стагфляцын шинжтэй байна гэж үзэж байна. Эдийн засгийн уналт, үнийн өсөлт нь үүнийг тодорхойлж байна. Энэ нь удаан үргэлжилсэн тохиолдолд эдийн засагт хүчтэй сөрөг нөлөөллийг бий болгоно. Ялангуяа орлого багатай, ядуу иргэдийн амьжиргааг доройтуулна. Харин энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэх мэт харагдаж байгаа хөдөлмөрийн зах зээлийн бага зэрэг сэргэлт, иргэдийн хэрэглээнд хууртах хэрэггүй.

Энэ нь эрүүл мэндийн шалтгаантай энэхүү онцгой хямралын дараах жам ёсны үзэгдэл гэж би хувьдаа үзэж байна. Учир нь 2 жил хөл хорио, хязгаарлагдмал нөхцөлд байсан иргэд, ААН-үүд хөдөлгөөнд орох нь тодорхой. Энэ нь зарим үзүүлэлтийг эерэг харагдуулж байна. Гэтэл энэ хөдөлгөөнд орсон байдлыг дэмжих суурь нөхцөл бүрдээгүй гэдгийг санах хэрэгтэй” гэсэн юм.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс