• Дотоод мэдээ
  • ОХУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд Монголд ч нөлөөлнө

ОХУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд Монголд ч нөлөөлнө

2022/03/02

Дайны улмаас ОХУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд Монголд ч нөлөөлнө

ОХУ-Украины дайн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Манай хойд хөрш дайныг эхлүүлснээр АНУ, Европын холбоо, Япон тэргүүтэй улсууд орост эдийн засгийн хориг тавилаа.

ОХУ манай улстай нүүрс экспортын салбарт хүчтэй өрсөлддөг. Тус улс өнгөрсөн онд нийт 190 сая тонн нүүрс экспортолсон бол бид урд хөршид 16 сая тонн нүүрс худалдсан. Нүүрсний салбарт манай улсад боломж гарч болзошгүй байна.

Дайн болон ОХУ-ын эдийн засагт гарах өөрчлөлтүүд бидэнд хэрхэн тусах бол? Монголын бизнесийн зөвлөлийн хоёрдугаар сарын хуралд уригдан оролцсон эдийн засагчдын байр суурийг хүргэе.

Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн секторын дарга, эдийн засагч Н.Энхбаяр:

-Би байгууллагын биш хувь судлаачийн байр сууриа та бүхэнтэй хуваалцъя. ОХУ дэлхийн 11 дэх том эдийн засаг, АНУ-ын Техас мужийн эдийн засагтай тэнцдэг. Монголтой адил түүхий эдийн худалдаанд тулгуурладаг тул эдийн засгийн үзүүлэлтүүд нь ихээхэн савладаг. ОХУ 630 тэрбум ам.долларын гадаад валютын албан нөөцтэй, 2299 тонн алтны нөөцтэй. Алтны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт ордог. Тус улсын зээлжих зэрэглэл 3В байсан бол одоо 2В байна. Зээлжих зэрэглэл нь цаашид буурна.

ОХУ-ын эхлүүлсэн дайны улмаас хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд савлаж эхэллээ. Сүүлийн долоо хоногийн турш олон улсын эдийн засагт өрнөж буй үйл явдлууд 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрлаас ихээхэн ялгаатай тул энэ савлагаа амархан намжихгүй.

АНУ, Европын холбоо зөвшилцөөд ОХУ-ын таван банкийг олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээнээс хаслаа. Иймд манай банкууд хасагдсан банкууд болон эдийн засгийн хоригт өртсөн, ОХУ-ын компаниудтай төлбөр тооцоо хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь АНУ Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийн хэрэгжилтийг хянах бүтэц байгуулан хатуу хянаж байна. Оросын эдийн засагт гарч буй үйл явдлууд бидэнд дараах байдлаар нөлөөлнө:

-ОХУ-аас импортолдог шатахууны үнэ өсөх эрсдэлтэй
-ОХУ-ын шатахууны гаалийн үнэ, хил үнэ өсөх эрсдэлтэй.
-Тус улстай төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй болно.
-Удахгүй газар тариалангийн улирал эхэлнэ. Манай улс бордоогоо ОХУ-аас импортолдог тул бордооны тасалдал гарч болзошгүй.
-Бид ОХУ, Беларусийн нутаг дэвсгэрээр дамжуулан Европын орнуудаас газраар хүнс, хувцас зэргийг импортолдог. Энэ худалдаанд ямар нэг саатал гарч болзошгүй.
-Дэлхийн зах зээлд алтны үнэ өслөө.
-Рублийн ханш ам.долларын эсрэг уналаа.
Тэгэхээр бид дайн хурдан намжаасай хэмээн хүлээхээс өөр аргагүй.

Эдийн засагч Ч.Хашчулуун: Оросын Төв  банк бамбөгдүүлсэн мэт боллоо. Тус банкны 600 гаруй тэрбум ам.долларын хөрөнө хэдий цаасан дээр бүртгэлтэй ч авч ашиглаж чадахгүйд хүрлээ. Мөн Төв банк нь бодлогын хүүгээ 20 хувьд хүргэлээ. Тус улсын эсрэг өргөн хүрээний хориг тавьсан тул ОХУ-ын нийт хөрөнгийн 80 орчим хувь нь царцсан.Ираныг мөн SWIFT-ээс хассанаар тус улсын эдийн засаг үндсэндээ арчигдаж, орчин үеийн эдийн засаг гэхэд хэцүү болсон түүхтэй.       
     
Манай хойд талд үл мэдэгдэх, асар том орон зай бий болов. Өмнө нь ямар ч улс ийм байдалд орж байгаагүй. Би Москвад дөрвөн жил хичээл заасан. Оросын нийгмийг хоёр хувааж болно. Орос залуучуудын ихэнх нь Европын орнуудад очиж үзсэн тул өнөөгийн хаалттай байдалд тэдэнд илүү хүнд тусна. Харин ахимаг насны, орон нутагт амьдардаг иргэд АНУ-ыг буруутгах хандлагатай байдаг.

60 рубль нэг ам.доллартай тэнцэж байсан бол 170 болов. Мөн еврогийн эсрэг суларлаа. Бид цаашид тус улстай ямар дүрмээр хамтран ажиллах нь тодорхойгүй тул би бизнес эрхлэгчдэд хүлээ гэж зөвлөмөөр байна.

Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилсан. Энэ үеэр яригдсан төслүүд, Цөмийн  судалгааны төв барих зэрэг нь хэзээ хэрэгжих нь тодорхойгүй.       

Хийн хоолойн  төслийн хувьд 50 тэрбум ам.доллар хэрэгтэй. Мега төслийг рубль, юаниар хэмжихгүй. Мөн урд хөрш рубль авахгүй, хойд хөрш ч юан авахаас болгоомжилдог. Бусад улсуудад байгуулсан хийн хоолойн улмаас дайн, мөргөлдөөн гарч байсан тул энэ тоглоом биш. Мөн ОХУ энэ дайны дараа ойрын арван жилд томоохон төсөл хэрэгжүүлэх боломжгүй. Энэ дайнаас БНХАУ хамгийн их хожно. ОХУ байгалийн хийгээ Европт нийлүүлж чадахгүйд хүрвэл БНХАУ л худалдаж авна.

Урд хөрш наймаа хийхдээ гаргууд тул  үнийг нь навс унагаж, нэг ч копейкийн ашиг унахааргүй үнээр авна. Тэгэхээр ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон байгалийн хийн төсөл хойд хөршид алдагдалтай.

Дайны дараа ОХУ-ын эдийн засаг суларна. Харин цэрэг, батлан хамгаалах салбар нь хүчирхэг хэвээр үлдэх, эсэхийг мэдэхгүй байна.                    

Элчин сайд асан, ҮАБЗ-ийн дарга асан О.Очиржав:

-Манай хойд хөрш эдийн засгийн хувьд сулрахаар бид дутуугаа урд хөршөөс нөхнө. Энэ нь манай улсад эрсдэлтэй. Угаасаа манай экспорт, гадаад худалдааны дийлэнх урд хөршид ногддог. Бид хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцаа хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Энэ зорилт биелэхэд төвөгтэй болов.

PMI Монголиа чаптер”-ийн ерөнхийлөгч М.Болд:

-ОХУ дайн эхлүүлснээр тус улстай хэрэгжүүлэхээр судалж буй хийн хоолойн төсөл хэрхэх нь тодорхойгүй болов. Энэ хоолойг баривал Оросын өмч болно. Бид тус улсын лав барьцаанд орж болзошгүй. Энэ хоолойг барьснаар хүний, амьтдын, хөрөнгийн урсгал саатах магадлалтай. Тээвэрт асуудал гарч болзошгүй. Цаашлаад Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх хоёр том хэсэгт ч хуваагдах аюултай гэв.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс