• Дотоод мэдээ
  • "Рио Тинто" Засгийн газарт 17 хоногийн хугацаа өглөө

"Рио Тинто" Засгийн газарт 17 хоногийн хугацаа өглөө

2021/12/14

Рио Тинто Засгийн газарт 17 хоногийн хугацаа өглөө

2021 оны онцлох хэлэлцээ яах аргагүй Засгийн газар, Рио Тинто группийн хооронд үргэлжилж буй хэлэлцээ юм.

Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, тус группийн Зэсийн группийн захирал Б.Болд нар өнгөрсөн сард Монголд ирж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Төрийн ордонд уулзсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсонд “Рио Тинто” хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстой. Төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэж, Монгол Улс төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн байгуулсан цагаас хойш маргаан дагуулсан Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид “Оюу толгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх,төслөөс Монголд ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэжээ.

 

Зардлын аудитаар төслийн хэрэгжилт яагаад анх төлөвлөснөөс зөрөв, зардал хэтрэлтээс урьдчилан сэргийлэх, хяналтын тогтолцоо “Оюу толгой”-д байв уу, гэрээг зах зээлийн үнэ ханшаар хийсэн үү, яагаад гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшлов, гүйцэтгэлд ямар асуудал байсан зэргийг тогтооно.

Рио Тинто групп дээрх шаардлагын хариуг 14 хоногийн дараа буюу энэ сарын 12-нд илгээсэн захидлаараа дамжуулан өглөө. Таван арга хэмжээ авахаа мэдэгдсэн захидалд "Оюутолгойн төслийн  34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна” гэжээ. Өмнө нь тус группийн зүгээс 70 хувийг тэглэх санал тавьсан ч Засгийн газраас бүрэн чөлөөлөх хүсэлт гаргасан. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэж Ерөнхий сайд өчигдөр тайлбарлав.

Рио Тинтогийн зүгээс хэрэгжүүлэх хоёр дахь арга хэмжээ нь гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж, дуусгавар болгоно. Энэ гэрээг 2015 онд Монголын талаас “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал асан Да.Ганболд нар, “Рио Тинто интернэйшнл холдингс лимитед” компанийг төлөөлж тус группийн Зэс-нүүрсний группийн захирал асан Жан-Сэбастьян Жак, “Туркойз хилл ресурс лимитед”-ийг төлөөлж Жефри Тайгесен нар гарын үсэг зурсан юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубай хотоос ирээд “Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар тохиролцов. Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо.

Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгасан нь манай талд ашигтай. Энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон. Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Засгийн газрын бондын хувь хэмжээ, хүү, өөрийн үнэлгээ, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банкны бондын хүү зэрэг эдийн засгийн үнэлгээ өсөж байна. Сүүлийн хоёр жил гацсан, хорин сар царцсан энэ төсөл хөдөллөө” гэж мэдэгдэж байв.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх хүсэлтээ Засгийн газраас уламжилсаар ирсэн. Рио Тинто групп энэ саналыг хүлээн авснаа мэдэгдсэн нь гурав дахь арга хэмжээ юм. “Оюу толгой” уурхайг ашиглах явцад зардал дахин гарах эрсдэлийг хаах зорилгоор зардлын аудит хийлгэх нь зүйтэй гэсэн шийдвэрт Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хүрсэн.

Зардлын аудитаар төслийн хэрэгжилт яагаад анх төлөвлөснөөс зөрөв, зардал хэтрэлтээс урьдчилан сэргийлэх, хяналтын тогтолцоо “Оюу толгой”-д байв уу, гэрээг зах зээлийн үнэ ханшаар хийсэн үү, яагаад гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшлов, гүйцэтгэлд ямар асуудал байсан зэргийг тогтоох юм. Манай улсад энэ төрлийн аудитын шалгалт хийх мэргэшсэн компани байхгүй тул гаднын компаниуд дунд тендер зарлана. Товчоор бол өнгөрсөнд юу болов гэдгийг олж мэдсэнээр ирээдүйд гарах эрсдэлээ ч хаана гэж Ажлын хэсэг үзэж байна. Гүний уурхайн нийт зардал болох 5.3 тэрбум ам.долларын баримт бичгүүдийг шалгах нь амар ажил биш. Иймд Эрнэст энд Янг, PWC гэх мэт дэлхийн хамгийн том, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн компанийн нэгээр шалгалт хийлгэх хүсэлтээ ч Рио Тинтод уламжилжээ.

 

Өнгөрсөнд юу болов гэдгийг олж мэдсэнээр ирээдүйд гарах эрсдэлээ ч хаана гэж Ажлын хэсэг үзэж байна.

Манай улсад анх удаа газрын гүнд 1200-1300 метрийн дор гүний уурхай  барьж байна. Энэ нь ярвигтай, хүнд төсөл тул зардлын зарим хэтрэлт бодит байхыг ч үгүйсгэхгүй.               

ДҮГНЭЛТ

Хэлэлцээний ажлын хэсэг УИХ-ын Түр хорооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард чиглэл хүлээн авч тэр дагуу ажиллаж байна. Хэдийгээр МАН дангаараа засаглаж байгаа ч хэлэлцээ улс төрийн өндөр эрсдэл дундуур үргэлжилж байна. Хэлэлцээг шийдэх гурван арга зам бий. Нэгдүгээрт, зөвшилцөж буй хоёр тал хамтран шийдэлд хүрэх. Хоёрдугаарт, Рио Тинто дангаараа шийдвэр гаргах. “Оюу толгой”-н ТУЗ-ийн дийлэнх гишүүд тус группийг төлөөлдөг тул олонхоор шийдвэр гаргаж болно. Саяхныг хүртэл энэ жишгээр ажилласаар ирсэн. Гэхдээ энэ арга ихээхэн хохиролтой. Гуравдугаарт, гүний уурхайн бүтээн байгуулалтыг хойшлуулан, хэлэлцээг үргэлжлүүлэх. Эдгээрээс хамгийн эхний хувилбарыг сонгоно гэж найдъя.

Рио Тинто группийн Засгийн газартай хийж буй хэлэлцээ бусад улсуудад хэрэгжүүлж буй төслүүдэд нь нөлөөлөх вий гэж болгоомжлох нь гарцаагүй. Тэд энэ оны нэгдүгээр сард Д.Болд захирлыг Зэсийн группийн захирлаар томилсон нь Монголчуудтай хурдан учраа олох гэсэн зорилгынх нь илэрхийлэл байв. Гэхдээ Рио Тинто групп хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн (150 хуудас) зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Чухам аль хэсгийг гэдгээ захидалд дурдсангүй.   

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр дээр илгээсэн захидалд Рио Тинто групп болон “Туркойз хилл ресурс” (ТХР) компанийн удирдлага гарын үсэг зурсан. Ингэснээр ТХР-ын жижиг хувьцаа эзэмшигчид эрх ашгийг нь хөндлөө, ногдол ашиг буурна, хувьцааны ханшид сөргөөр нөлөөлөв гэх мэт шалтгаанаар дахин шүүхэд хандахыг ч үгүйсгэхгүй.

Ер нь ямар ч бизнес хөрөнгө оруулагчдадаа харилцан ашигтай байх ёстой. Иймд манай Засгийн газар Алтан загасны үлгэрийн эмгэн шиг загнаж болохгүй. Аливаад хэмжээ хязгаар байдгийн адил хэлэлцээний нөгөө талд суугаа компаниас улам ихийг шаардах нь зохимжгүй юм.

Рио Тинто энэ шийдвэрийг гаргах амаргүй байсан бөгөөд энэ нь бидний эцсийн санал гэж захидалдаа дурджээ. Энэ нь “Бид үүнээс цааш буулт хийхгүй” гэсэн санаа юм.   

Рио Тинтогийн удирдлагууд энэ онд багтаан хэлэлцээг эцэслэе гэж яаруулжээ. Тэгэхээр Засгийн газарт 17 хоногийн хугацаа үлдлээ. Засгийн газар захидлын хариуг хэлэлцээний Ажлын хэсэг, Засгийн газар, УИХ дахь МАН-ын бүлэг гэсэн дарааллаар хэлэлцсэний дараа хариулт тодорхой болно. Тэр цагт л он дамжин үргэлжилж буй хэлэлцээ хэрхэн эцэслэхийг мэдэх боломжтой.      

Дараа нь...

Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонго өчигдөр (2021.12.13) хэлэлцээ цаашид үргэлжилнэ гэдгийг онцолсон. Одоогийн хэлэлцээ өндөрлөж, дээр дурдсан асуудлуудаар талууд зөвшилцөлд хүрсний дараа 2009 онд байгуулсан, Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилнө. 2009 оны санхүүгийн үзүүлэлтүүд өөрчлөгдсөн тул гэрээг өөрчлөх шаардлагатай гэж Ажлын хэсэг үздэг.

Харин Рио Тинто групп энэ гэрээг өөрчлөх сонирхолгүй байгаагаа илэрхийлдэг юм. Энэ гэрээгээр “Оюу толгой”-д татварын хөнгөлөлт эдлүүлэн, энэ хөнгөлөлт тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд үргэлжилнэ гэсэн нь хөрөнгө оруулагч талд ихээхэн таатай нөхцөл юм.           

Холбоотой мэдээлэл
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
Үндсэн цэс