• Танхимын мэдээ
  • "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

"ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2025/05/09

"ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Улаанбаатар хотын худалдааны танхим 2025 оны 5-р сарын 8-нд “Тендер-Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, ойрын хугацаанд өргөн барихаар бэлдэж буй. Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын Дарга Ц.Батзул “Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” танилцуулж, мэдээлэл дуулгаж, холбогдох мэргэжилтнүүдийн хамт хувийн хэвшлийнхний дуу хоолойг сонсон, төсөлд тусгах санал хүлээн авлаа.

Хэлэлцүүлэгт оролцоогүй ч тус хуультай холбоотой санал, хүсэлтээ доорх холбоосоор орон ирүүлэх боломжтой юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдын санал болоод холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийн байр суурийг хүргэе.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын Дарга Ц.Батзул: Бид Засгийн газрын түвшинд хуулийн төслөө боловсруулаад, яамнуудаас саналаа аваад, хувийн хэвшлүүдтэй хэлэлцүүлэг хийж байна. Одоо Засгийн газраас гараад, өргөн мэдүүлээд УИХ дээр хэлэлцэх явцдаа ч гэсэн нэмэлт асуудлуудыг тусгах боломжтой. Нэгд, бид нар судалгаа хийгээд үзэхэд ААН-үүд тендерт оролцох зардал маш өндөр байна, олон материал бүрдүүлж байна, тэр дотроо нэг материалаа олон янзаар явуулж байгаа асуудлыг шийдэж өгөөч гэдэг зүйлийг хэлж байна. Хоёрт, нийгмийн даатгал болон татварын хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлтэй ААН-үүд тендер шалгаруулалтаас хасагдаж байгаагаас өрсөлдөөн багасч байна. Тэгэхээр цаашид зохицуулалтыг өөрчлөөд тендерт оролцох үед нь хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлтэй гэдэг асуудлаар сонгон шалгаруулалтаас хасахгүй, харин гэрээ байгуулах үедээ өр төлбөрөө барагдуулсан байх гэдэг зохицуулалт орж байгаа.

Мөн тендер шалгаруулах процесст хүний нөлөө маш их байна. Тэгэхээр аль болох автоматжуулах, хиймэл оюунаар шийдэх боломжийг судлах шаардлагатай гэх зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан.

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: ААН-үүдээс ирж буй саналуудаас хамгийн их давтагдаж байгаа саналд тусгаснаар худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа процессыг өөрчлөх хэрэгтэй байна. Тухайн худалдан авах ажиллагааг зарласан төрийн байгууллагууд юу худалдаж авах гээд байгаа, ямар шалгуураар авах гээд байгаагаа тодорхой гаргах түүнд нь үндэслээд мэргэжлийн хүмүүс бичиг баримтыг нь боловсруулах шаардлагатай. Мөн хөндлөнгийн үнэлгээ давхар хийж эцсийн шийдвэр гаргахад нь дэмжлэг, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг больё гэдэг саналыг хэлж байна.

"Ти Ти Жи" ХХК-ийн захирал Э.Тэнгистамир: Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтууд шаардлага хангахгүй байгаа нь худалдан авах ажиллагаа зохион байгуулсны дараа гарч байгаа гомдол, шүүхийн шат руу явж байгаа асуудлуудаар илэрч байгаа юм болов уу гэж харж байна. Тийм учраас тус хуулийг дахин шинэчлэн найруулах шаардлага байсан. Ялангуяа томоохон мега төслүүдтэй холбоотойгоор өөрлөлт хийхгүй бол том том төслүүд явах боломжгүй болно. Хууль бол том, жижиг компани гэлтгүй улс орныг хөдөлгөдөг, хөдөлгөдөггүй бизнес гэхгүй үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л ААН, иргэнд эрх тэгш үйлчлэх зарчимтай.

Улсаас журамласан техникийн болоод санхүүгийн чадавхийг шалгасан шалгуур үзүүлэлтүүд хатуу байдаг. Татварын өргүй байх ёстой, бүх шимтгэлээ урьдчилаад төлсөн байх шаардлагатай байдаг. Улс бол татвар бүрдүүлэх бүх асуудлаа үүгээр дамжуулж хийж байж ААН-үүдийг оролцуулдаг. Гэвч эргээд тухайн ААН ажлыг авсны дараа болон ажил гүйцэтгэж байх үед гарах зардал, учрах асуудлууд дээр, эсвэл төлбөр мөнгөний асуудлууд дээр сүүлийн жилүүдэд маш хүндрэлтэй байгаа. Төлбөр мөнгийг өгөхгүй удаах гэх мэт. Гэрээний үүргийг шаардах хэр нь, захиалагч талаасаа төлбөрийг хийх тал дээр маш удаашралтай байдаг. Үүнийгээ төсөвтэй холбодог, улс төртэй холбодог.

ААН-ын орлогын албан татварын тухайд хэн ч болов тайлангаар тайлагнасан татвараа төлөх үүрэгтэй. Харин нэмэн өртгийн албан татварын тухайд сар сардаа хувьсаж байдаг. Гэтэл тухайн сард байгаа бүх дүнгээ ирэх сард урьдчилж бүрэн төлөх гэдэг бол хатуу заалт. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг учраас ашигтай, ашиггүй ажилладаг асуудал гардаг. Оролцогч бол захиалагчийг шахах боломж байдаггүй. Ерөнхийдөө төлөвлөгөө гэж байдаг. Гэрээний нөхцөлүүд тавигддаг. Тиймээс ААН-үүд анх байгуулсан гэрээ, нөхцөлүүдийг сайн хараад тухайн ажил үйлчилгээнд оролцох хэрэгтэй.

Үндсэн цэс