• Дотоод мэдээ
  • ТӨСӨВ 2022: Ирэх онд төрийн байгууллагууд тавилга авахгүй, томилолтын зардал гаргахгүй

ТӨСӨВ 2022: Ирэх онд төрийн байгууллагууд тавилга авахгүй, томилолтын зардал гаргахгүй

2021/10/01

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2021.09.30) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

  • 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өсөж,
  • 2021 оны жилийн эцэст 6.5 хувь,
  • 2022 онд 5 хувьд хүрч цаашид өсөлт тогтворжих төлөвтэй хэмээн тооцоолжээ.

2022 оны төсвийн тухай хуулийн төслийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглүүлнэ. Хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах төсөв, санхүүгийн шинэчлэлийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сараас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, дөрөвдүгээр сараас хүн амын зорилтод хэсгийг эрчимтэй вакцинжуулсан. Хөл хориог үе шаттай сулруулж, аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нээснээр эдийн засгийн өсөлтийг энэ оны эхний хагас жилд 6.3 хувьд хүргэж чадсан. 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд банкны секторын зээл 10.5 хувиар агших байсныг 6.5 хувийн өсөлттэй хадгалж, банкны нийт зээлийн хэмжээ 18 их наяд төгрөгт хүрч, зээл олголт цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрсэн.

Энэ сарын 27-ний байдлаар нийт 58 мянган зээлдэгчид 3.7 их наяд төгрөгийн зээлийг банкуудын эх үүсвэрээр олгож, 10 мянган иргэнийг орон сууцжуулж, 266 мянган ажлын байрыг хадгалжээ.

2022 онд вакцинжуулалтын нөлөөгөөр бизнесийг бүрэн нээж, эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүд түлхүү хэрэгжүүлж, эдийн засгийг тэлэх, “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлнэ. Эдийн засгийг 5.0 хувийн өсөлттэй байна гэж тооцсон байна.

 

Төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ажиллана.

Төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор тодорхой зохицуулалт хийх, бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулах, зарим төрлийн зардлыг 50-100 хувь хязгаарлана.

Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-д суурилсан үйлчилгээг төр худалдан авах, нийгмийн суурь үйлчилгээний байгууллагуудыг төсвийн хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх зэргээр ЦОМХОН, ЧАДВАРЛАГ ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА-ыг бүрдүүлнэ.

 

Эрүүл мэндийн салбарт энэ онд хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэлийг эрчимжүүлж, ИРГЭДЭЭ ЖИЛ БҮР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ хамруулна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 18-аас дээш насны иргэдэд 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх 43-75 мянган төгрөгийн багцыг 2018 оноос эхлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч 2020 оны статистикаар 18-аас дээш насны хүн амын 7.9 хувь нь тус багцын шинжилгээнд хамрагджээ. Тиймээс хамрах хүрээг өргөтгөх зорилгоор насны багцыг шинэчилж, хүн амыг жилд нэг удаа үзлэгт хамруулах ажлыг 2022 оноос эхлүүлнэ.

Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлж, санхүүгийн баталгаатай ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж, тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулна.

2022 оны төсвийн жилд, нэгдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100 мянган төгрөг хүртэл сонголтоор, харин долдугаар сарын 1-ний өдрөөс хойш 50 мянган төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж, үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр буюу хүүхэд бүрд нийт 100,000 төгрөг гэсэн зарчмыг хадгалах аж.

Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийх юм байна. Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг нөхцөлтэй болгож халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлахаар төсөлд тусгажээ. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах болон  халамжийн зарим хөтөлбөрт хамрагдах   хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай  иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавих юм байна.
 
Мөн эмзэг бүлгийн өрх иргэнд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үр дүнг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Мэргэжлийн сургалтын байгууллагын орцод суурилсан санхүүжилтийг өөрчилж хөдөлмөрийн зах зээлд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хүрэх үр дүнд харгалзан санхүүжүүлэх  хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Төсвийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд төгрөг буюу 38.8 хувь, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс