• Дотоод мэдээ
  • Дуулгавартай байхыг хуульчлан шаардсан заалтуудтай Холбооны болон ТББ-ын хуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй

Дуулгавартай байхыг хуульчлан шаардсан заалтуудтай Холбооны болон ТББ-ын хуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй

2022/01/18

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Энэхүү хоёр хуулийн төсөл батлагдвал иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж, үзэл бодол, эв санаагаараа нэгдсэн бүлэг хүмүүсийн үйл ажиллагаанд төрийн оролцоо, хяналт нэмэгдэж, Засгийн газрын буруу зөрүү бодлого шийдвэрийг шүүмжилдэг иргэний нийгмийн байгууллагуудад төр хяналт тавих эрх зүйн орчин бүрдүүлж байна гэж үзэж байна. Тиймээс энэ хуулий төслийг эргүүлэн татахыг холбоод болон ТББ-ын төлөөлөл шаардсаар, уриалсаар байна.

Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь Үндсэн хууль болон бусад олон хуультай зөрчилдөж, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж байгааг хуульчид тодорхойлжээ.Үүнд.

1.Үндсэн хуулийн зохицуулалтыг гажуудуулсан Хуулийн төслийн зохицуулалт нь Иргэний хуулийн 33.2-т “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна” гэснийг баримталж, Үндсэн хуулийн үзэл баримтлалаас явцуурсан байна.

Энэ нь төрийн бус байгууллагын хэлбэр, нэрийн зохицуулалтаар дамжуулан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т заасан нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхэд хамаарах “олон нийтийн байгууллага”-ыг хязгаарласан шинжтэй байна.

Хуулийн төслийн 17.1.6-д Бүх гишүүдийн хурлаар “гишүүн нь өөр холбоо, сангийн гишүүн, үүсгэн байгуулагч болох эсэх асуудлаар шийдвэр гаргах”-аар зааж, өөр холбооны гишүүн, үүсгэн байгуулагч болохыг хориглох шийдвэр гаргах нөхцөлийг зөвшөөрснөөр Үндсэн хуульд баталгаажуулсан “сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх”-ийг зөрчиж байна.

Монголын, Үндэсний, Нэгдсэн гэсэн үг оролцсон нэртэй байж болохгүй

2.Шинэчилсэн бүртгэлээр дамжуулан хүнд суртал бий болгох эрсдэл өндөр байна. Дээрх хуулийн төслийн

10.3-т Холбооны хэлбэрээр байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд нь өөрийн оноосон нэрний ард “бүртгэгдсэн холбоо”, “эдийн засгийн холбоо”, эсхүл мэргэжлийн холбоо нь “мэргэжлийн холбоо” гэсэн тэмдэглэгээг хэрэглэнэ гэж,

10.5-т ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг, эсхүл нэгдсэн зорилгын төлөө ажилладаг холбоо, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулсан холбоо, мэргэжлийн холбоо, эсхүл хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс бусад холбоо нь Монголын, Үндэсний, Нэгдсэн гэсэн үг оролцсон нэртэй байж болохгүй,

41.1-т Холбоо нь энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд багтаан улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ гэж тус тус заасан.

Эдгээр заалтын дагуу, 2021 оны наймдугаар сарын 25-ны байдлаар бүртгэгдсэн нийт 26441 төрийн бус байгууллагыг 2 жилийн хугацаанд дахин бүртгэх нөхцөл бий болно. Улмаар энэхүү шинэчилсэн бүртгэлээр дамжуулан төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд шаардлагагүй ачаалал, ажил нэмэх үр дагавартай байна. Улмаар энэхүү бүртгэлийн үйл ажиллагаанд төрийн байгууллагын хүнд суртал гарахыг үгүйсгэх аргагүй байна.

 

3. Мөн Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих буюу хууль тогтоомжийн төсөл, захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулах, батлагдсан шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хүрээнд оролцох, хяналт тавих, шаардлага гаргах эрх, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах журам, ёс зүйн дүрмийг баталж, мөрдүүлэх эрхийг "Мэргэжлийн холбоо"-нд дангаар нь олгож, энэ мэргэжлийн холбоо нь Засгийн газрын гишүүн болон Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн асуудлыг хариуцсан байгууллагаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулахаар заасан. Тэр зөвшөөрлөө Засгийн газрын гишүүн, эсхүл Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн асуудлыг хариуцсан байгууллага хүчингүй болгохоор зохицуулсан нь мэргэшсэн төрийн бус байгууллагуудыг "мэргэжлийн холбоо" байх шаардлага тавьж, түүний зохицуулалтаар дамжуулан өөр дуу хоолой, иргэний нийгмийн орон зайг хумих, хязгаарлах үр дагавартай байна.

4.Олон нийтийн байгууллагын эрх зүйн орчныг Засгийн газраас хэт хамааралтай болгосон Олон нийтийн буюу төрийн бус байгууллагын хувьд Засгийн газрын үйл ажиллагааг иргэний нийгмийн хүрээнд хянах, үйл ажиллагаагаа төрөөс хараат бусаар, өөрийгөө удирдан хууль тогтоомжийн хүрээнд явуулах зарчмыг алдагдуулсан байна. Энэ нь Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн байгууллага болон Засгийн газрын зүгээс олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарах эрх зүйн хэм хэмжээг дангаар тодорхойлж байгаагаар илэрч байна.

Засгийн газрын гишүүнээс хамааралтай, “дуулгавартай” төрийн бус байгууллага бий болгох өндөр эрсдэлтэй.

Тухайлбал,

-Хуулийн төслийн 6.3-т холбоо нь дүрэмд заасан зорилго, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд холбооны эрхлэн явуулж болох аж ахуйн үйл ажиллагааны 50 хувийг тогтоох аргачлалыг санхүү, татварын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Энэ нь төрийн бус байгууллагын эрхлэх үйл ажиллагааны хүрээг Засгийн гишүүний батлах шийдвэрээр дамжуулан хумих, хязгаарлах, тодорхойгүй байдал бий болгох эрсдэлтэй.

 

- Хуулийн төслийн

33.10-т мэргэжлийн холбоог сонгон шалгаруулах, хамтран ажиллах журмыг Засгийн газар батална гэж,

33.1-т тухайн салбар дахь мэргэжлийн холбоог сонгон шалгаруулах, хамтран ажиллах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн асуудлыг хариуцсан байгууллага шийдвэрлэнэ гэж,

33.9-т тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн асуудлыг хариуцсан байгууллага нь энэ хуулийн 33.2, 33.3-т заасан шаардлагыг хангахгүй болсон,

эсхүл энэ хуулийн 31.1.4-т заасан үндэслэлээр мэргэжлийн холбооны эрхийг хүчингүй болгоно гэж тус тус заасан.

Энэ нь мэргэжлийн холбооны “мэргэшсэн байдал”-ыг Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн асуудлыг хариуцсан байгууллага тодорхойлох, улмаар мэргэжлийн холбооны үйл ажиллагааг хумих эрсдэлтэй байна.

- Хуулийн төслийн

8.3-т холбоогоор гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийн жагсаалтыг Засгийн газар батална гэж,

8.4-т төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын чиг үүргийг холбоогоор гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг сонгон шалгаруулалтын дүн болон тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар гаргана гэж,

8.8-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор холбоог сонгон шалгаруулах, гэрээ байгуулах болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих журмыг Засгийн газар батална гэж тус тус заасан.

Энэ нь Засгийн газрын гишүүний үзэмж, дур зоргыг хязгаарлаагүй нөхцөлд тэрхүү Засгийн газрын гишүүнээс хамааралтай, “дуулгавартай” төрийн бус байгууллага бий болгох өндөр эрсдэлтэй.

-Хуулийн төслийн

35.3-т төрөөс тэргүүн ээлжид дэмжлэг үзүүлэх нийтэд тустай үйл ажиллагааны чиглэлийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан Засгийн газар 2 жил тутам тогтооно гэж,

37.3-т нийтэд тустай үйл ажиллагааг дүгнэх, нийтэд тустай үйл ажиллагааг тогтмол, эсхүл хариу төлбөргүй эрхэлж байгаа ашгийн төлөө бус хуулийн этгээдэд дэмжлэгийг үзүүлэх нөхцөл, хугацаа, журмыг Засгийн газар батална гэж тус тус заажээ. Энэ нь Засгийн газраас иргэний нийгмийн байгууллагыг дэмжих нэрээр түүнийг өөрөөс хараат, хамааралтай болгох эрсдэлтэй.

- Хуулийн төслийн

38.9-т Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн 9 иргэнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Ерөнхий сайд батламжилна гэж,

38.12-т тус Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалт явуулах, чөлөөлөх, урамшуулал олгох нарийвчилсан журмыг Засгийн газар батална гэж,

39.4-т тус Зөвлөл нь жилийн үйл ажиллагааны тайлангаа дараа жилийн эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулна гэж,

40.1-т Зөвлөл нь иргэний нийгмийн нийтлэг хөгжил, чадавхыг бэхжүүлэх, нийтэд тустай үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, иргэний нийгмийн талаарх судалгаа шинжилгээ хийх, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилго бүхий Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих мөнгөн хөрөнгийн данстай байна гэж,

40.5-д тус дансан дахь хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална гэж тус тус заасан. Энэ нь Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл нь Засгийн газраас бүрэн хамааралтай байх эрсдэлтэй байх бөгөөд тус зөвлөлөөр дамжуулан иргэний нийгмийн байгууллагуудыг хараат, хамааралтай болгоход чиглэсэн байна.

-Хуулийн төсөлд ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ?

Хуулийн төслийн үзэл баримтлалыг эргэн харах гарцаагүй шаардлагатай байна.

-Иргэний нийгмийг төрөл бүрийн хэлбэр, бүрэлдэхүүнийг бүгдийг хамруулсан, тэднийг хөгжүүлж бэхжүүлж, ардчиллыг хөгжүүлэх зохиготой үзэл баримтлал боловсруулах.

-Иргэний хуульд тодорхойлсон ашгийн бус хуулийн этгээдийн хоёрхон төрөлд нийцүүлэн иргэний нийгмийг зохицуулж болохгүй. Иймээс өнөөдрийн Монгол Улсад иргэний нийгмийн сайн дурын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх төрлийн байгууллагыг хамруулах.

-Иргэний нийгмийн үйл ажиллагааг санхүүжүүлэх бүх төрлийн боломжийг нээх. Үүнд ялангуяа иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн иргэд, аж ахуйн нэгжийн хандивийг татвараас чөлөөлөх зохицуулалттай болох. Өнөөдөр ийм зохицуулалт зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-д олгогдсон болно.

-Иргэний нийгэм өөрсдийн ажиллагааг үр дүнтэй байгаа эсэхийг өөрсдөө үнэлж олон нийтэд ил тод байлгах үйл механизмыг төрөөс дэмжих гэх мэт нэн тэргүүнд шаардлагатай.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс