• Дотоод мэдээ
  • Зээлийн мэдээллийн сан хэнд ч шударга бус ханддаггүй

Зээлийн мэдээллийн сан хэнд ч шударга бус ханддаггүй

2021/03/29

Залуусын тухай эргэцүүлэл

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал 2019 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 36.6 хувь нь 20-39 насны залуучууд байна. 20-24 насныхны хувьд 43.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 25-29 насныхны 67.5 хувь, 30-34 насныхны 72.9 хувь, 35-39 насныхны 74.7 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бөгөөд дундаж цалингийн хэмжээ эрэгтэйчүүд 1.2 сая, эмэгтэйчүүд 1 сая 21 мянга орчим төгрөг байв. Статистик мэдээллээс харвал Монгол Улсын хүн амын багагүй хувь нь ид хөдөлмөрлөх насны залуучууд бөгөөд тэдний дийлэнх нь ажилтай, орлоготой. Мөн цалингийн хэмжээ улсын дунджаар авч үзвэл 1.2 сая орчим төгрөг буюу бас ч гэж голохооргүй аж.

 

Ер нь залуусын шаардлага хэр үндэслэлтэй вэ, яагаад зөвхөн тэдэнд зориулж шийдвэр гаргах ёстой гэж?

Ковид-19 цар цар тахлын нөлөөгөөр залуус ажил, орлогын хувьд хүнд байдалд орсон, тийм учраас зээлийн мэдээллийн сангийн хар түүхээс нэг удаа өршөөж өгөөч гэж гуйж, шаардаж байгаа. Гэхдээ статистик мэдээллийг харвал 2020 оны III улирлын байдлаар улсны хэмжээнд ажилгүйдэл 7.3 хувьд хүрч, өмнөх улирлаас 1.1 пунктээр өсчээ. Дэлхийн банкны 2021 оны 2 дугаар сард гаргасан тайланд дурдсанаар энэ нь эмэгтэйчүүд ажиллах хүчнээс гарсан, ажил идэвхтэй хайж буй эмэгтэйчүүдийн тоо цөөрсөнтэй холбоотой аж. Нөгөө талдаа ажилгүй болсон иргэдэд төр засгаас орлогын дэмжлэг хангалттай олгож байгаа нь хөдөлмөрийн зах зээл дэх сөрөг нөлөөллийг бууруулсан байх магадлалтай гэж тус тайланд дурджээ. Товчхондоо бол зөвхөн залуус төдийгүй Монгол Улсын нийт хөдөлмөрийн зах зээл “ковид-19” цар тахалд тийм ч хүчтэй нэрвэгдээгүй гэж харагдахаар байна.

Гэтэл залуучууд юуны учир зээлийн хар түүхийг арилгаж өгөөч, зээлийн мэдээллийн сангаар дамжуулан залууст боломж олгооч хэмээн “хашгирах” болов. Ер нь залуусын шаардлага хэр үндэслэлтэй вэ, яагаад зөвхөн тэдэнд зориулж шийдвэр гаргах ёстой гэж?. Зүй нь бол тэд залуу насны эрч хүчээр улс орныхоо төлөө ид хийж бүтээж, хөдөлмөрлөж, санхүүгийн сахилга бат, хувь хүний ёс зүй, ухамсраараа нийгмээ манлайлж, улс орноо хөгжилд хөтөлж, түүчээлж явах ёстой баймаар.

Зээлийн мэдээллийн сан ба санхүүгийн сахилга бат  

Монгол Улсын Зээлийн мэдээллийн тухай хууь 2011 онд батлагдсан бөгөөд энэ дагуу зээлийн мэдээллийн санг бий болгосон. Зээлийн мэдээллийн санд арилжааны банк, ББСБ, үүрэн холбооны оператор компаниуд болон хуульд заасан бусад хуулийн этгээдүүд мэдээлэл нийлүүлдэг. Монголбанк нь зээлийн мэдээллийн сангийн датаг өөр дээрээ нэгтгэж, хадгалалт, хамгаалалт болон аюулгүй байдлын бусад үйл ажиллагааг хариуцан ажилладаг билээ. Зээлийн мэдээлэл нь зээлдэгчийн хууль, гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргийн талаарх нэгдсэн мэдээлэл юм. Банк, санхүүгийн байгууллагуудын хувьд иргэний зээлийн мэдээлэл нь тухайн иргэний эрсдэлийг үнэлэх үндсэн индикатор, хэмжүүр болдог гэсэн үг. Харин иргэд, байгууллагуудын хувьд энэ  нь санхүүгийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болдог бөгөөд олон улсын жишгийн дагуу хариуцлагатай зээлдэгчийг урамшуулах тогтолцоо юм.

Хэрвээ цаг хугацаандаа тогтмол зээлээ төлөөд, сайн түүхийг бүрдүүлж чадвал иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн эрсдэл буурдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү буурах боломжтой. Эсрэгээрээ зээлээ төлөхгүй, хугацаа хэтрүүлбэл, дараа дараагийн удаад зээл авах боломж улам л хязгаарлагдмал болно. Хүнээс мөнгө зээлчихээд төлөөгүй хүнд хэн ч дахин зээл өгдөггүйтэй адилаар банкны хувьд тухайн иргэний зээлийн мэдээлэлд “хар толбо” үүссэн байвал зээл олгохгүй гэдэг ерөнхий логик ард бий. Ийм байдалд орохгүйн тулд ганц л арга байгаа нь хэн ч байсан зээл, төлбөрийн үүргээ цаг хугацаанд нь төлж байх явдал юм. Энэ нь банкинд, цаашилбал, улс орны эдийн засагт хэрэгтэй.

Зээлийн мэдээллийн сангийн журмын дагуу иргэд 91-ээс дээш хоног хэтрүүлбэл, чанаргүй зээлийн ангилал руу шилждэг. Нэгэнт чанаргүй зээлийн санд орсон тохиолдолд иргэн зээлээ бүрэн барагдуулсны дараах 6 хүртэлх жилд уг мэдээлэл хадгалагдана. Харин зээлээ төлөөгүй, үлдэгдэлтэй байх нөхцөлд 10 хүртэлх жил тус мэдээлэл санд хадгалагддаг журамтай.

Шударга ёс

Шударга ёс бол хүн бүрт тэгш боломжийг олгох тухай асуудал гэдэг. Өндөр, нам, эсвэл хөгшин, залуугаас үл хамааран хүртэх ёстой зүйлээ бүгд эн тэнцүү л хүртэх учиртай. Зээлийн мэдээллийн сан нь Монгол Улсын бүх иргэдэд адилхан л үйлчилнэ. Хэн нэгнийг илүүд үзэхгүй, ялгаварлахгүй. Зээлээ хариуцлагатайгаар төлдөг бол хэн ч байсан цаашид банк, санхүүгийн байгууллага дахь эрсдэлээ бууруулаад, хямд зээл авах боломжоор хангагдана. Эсрэгээрээ зээлээ төлөхгүй, хариуцлагагүй нэгнийг хэн байхаас үл хамааран хар жагсаалтад оруулна. Залуучууд гэхээрээ бусдаас илүү боломж хүртээд, зээлийн түүхээ арилгуулах боломжгүй л гэсэн үг. Монголын нийгэм, эдийн засаг бүхэлдээ амаргүй давааг туулж байгаа талаар дээр дурдсан. Гэтэл нийгэм бүхэлдээ хүнд хэцүү байхад зөвхөн залуучуудыг сонгоод, дэмжих нь шударга ёсонд нийцэхгүй.

 

 

Зээлийн мэдээллийн сан иргэдийн санхүүгийн сахилга батыг урамшуулах тогтолцоо атал сахилга батгүй хүмүүсийг хүссэн зоргоор нь өршөөгөөд, дэмжээд байж болохгүй. Хэрэв хүссэн бүхний тааллаар мэдээллийн санд өөрчлөлт оруулдаг бол зээлийн мэдээллийн сан гэж тусдаа ажиллуулаад байх ч зарчмын шаардлагагүй болно.  Энэ удаад залуучуудын зээлийн түүхийг арилгаад, тэрний дараа эмэгтэйчүүд, хөгшчүүд гээд бүгдийнх нь мэдээллийг устгаад явах уу. Мэдээж тийм боломж байхгүй. Санхүүгийн сахилга батгүй байсныхаа төлөө нэг хэсэг нь хожоод ч байгаа юм шиг, нөгөө талдаа сахилга баттай, зээлээ хугацаанд нь төлдөг хүмүүс хохироод ч байгаа юм шиг нөхцөл байдлыг үүсгэж болохгүй.

Эцэст нь, зээлийн мэдээллийн сан бол боломж юм

Өнөөдрийн хувьд Монголын нийгмийн дийлэнх нь зээлийн мэдээллийн санг ямар нэгэн “мангас” мэтээр төсөөлж байх шиг байна. Нийт иргэдийн санхүүгийн боловсрол, санхүүгийн сахилга бат сул байгаа учраас ингэж ойлгохоос ч өөр аргагүй юм. Уг нь зээлийн мэдээллийн санг “мангас” гэж харахаасаа илүүтэй боломж гэж хараад, боломжийг ашиглахын тулд хувь хүн бүр санхүүгийн сахилга батаа дээшлүүлээд, хариуцлагатай байж чадвал үүний нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг дам нөлөө “хязгааргүй” их билээ.

Залуучууд ч гэсэн ялгаагүй. “Бидний зээлийн түүхийг арилгаад өг” гэж гоншигнохынхоо оронд ажиллаж, хөдөлмөрлөж, хариуцлагаа ухамсарлаж, зээл, төлбөрөө цаг хугацаандаа л төлчих. Боломжийг ашиглаад, зээлийн хүүгээ бууруулаад, ашиг орлогоо нэмэгдүүл. Аль ч улс орон залуучууд эдийн засгийг урагш чирж, авч явдаг шүү дээ. Тэд төр засгаас халамж анхаарал хүсч жагсахын оронд цаг минут тутамд хөдөлмөрлөж, баялгийг бүтээж байдаг. Үнэндээ баялаг бүтээж, ид ажиллаж, хөдөлмөрлөж байх ёстой залуучууд төр засгаас зээлийн хар түүх арилгаад өг гэж гуйж байгаа нь эмгэнэлтэй байна.     

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс