ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА
Улаанбаатар хотын Худалдааны танхим болон Зам, тээврийн яам 2026 оны 6-р сарын 17-ны энэ өдөр “Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас ногоон шилжилтийг эрчимжүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зорилтуудын хүрээнд тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд талууд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбоотой бодлого, зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Түүнчлэн нийслэл болон орон нутгийн авто замын гол коридорууд, хэрэглээ төвлөрсөн бүсүүдэд цэнэглэх дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх, олон улсын шилдэг туршлага, технологийн шийдлүүдийг нутагшуулах, хөрөнгө оруулалтын тогтвортой механизмыг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хотын худалдааны танхим нь хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулах чиглэлээр ажиллах бол Зам, тээврийн яам салбарын бодлого, хөгжлийн зорилттой уялдсан хамтын ажиллагаа, дэмжлэгийг ханган ажиллах юм.
Энэхүү гэрээ нь Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, ногоон шилжилтийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгахад чиглэсэн чухал алхам болж байна.