ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО
Улаанбаатар хотын худалдааны танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Улаанбаатар түншлэл төв” ХХК хамтран 6-р сарын 9-нд "Бизнесийг дэмжих жил"-ийн хүрээнд УБХТ-ын гишүүд, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг нийслэлийн удирдлагуудтай уулзах уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, УБХТ-ын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож хувийн хэвшлийнхний өмнө тулгамдаж буй асуудлуудаар санал солилцох, тодорхой шийдлийг ярилцав.

Мөн уулзалтын өмнө хувийн хэвшлийнхээс авсан саналыг нэгтгэн Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ "Аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлууд болон боломжит шийдлүүд"-ийн талаар танилцуулсан юм.
Уг уулзалтад хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл оролцож, санал, хүсэлтээ хэлж, нийслэлийн холбогдох албаны төлөөллүүд нь шийдэл, асуудлыг сонсон, санал хүсэлтийг бодлого, үйл ажиллагаандаа тусгахаар боллоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:
“Эдийн засаг, геополитик тогтворгүй байгаа энэ цаг үед хувийн хэвшилд түрээс, ажиллах хүчний зардал, хэрэглэгчийн худалдан авах чадвар буурсан зэргээс үүдсэн тулгамдсан асуудал олон байна. Мөн төрийн үйлчилгээний хүнд суртал олон жил ужгирлаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 42 төсөл хэрэгжиж байна. Хотын бүх асуудлыг дан төсвөөр шийдэх боломжгүй. Эрчим хүч, дулаан, хог, ус, тээвэр, хүнсний хангамж, нийтийн үйлчилгээ зэрэг олон салбарт хувийн хэвшилтэй хамтран ажиллахад нээлттэй. Нийслэл Засгийн газартай уялдаатай ажиллаж, есөн бүлгийн 84 нэр төрлийн үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, нэгдсэн цахимд системд холбоод байна. Бизнесийг дэмжихэд олон талт хамтын ажиллагааг чухалчилна” гэдгийг онцоллоо.
Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ:

“Авто замын түгжрэл, эвдрэл, дугаарын хязгаарлалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж, аж ахуйн нэгжийн тээврийн зардал өсдөг. Хоол хүнсээр үйлчилж буй газруудын ариутгал, стандартыг сайжруулж, дулааны аргаар ариутгах системтэй болох шаардлагатай байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хаанаас шийдэх нь тодорхойгүй, нийслэл, дүүргээс хувийн хэвшлийн авдаг үйлчилгээнүүд хүнд сурталтай, нийслэлээс хэрэгжүүлэх төслүүдийн мэдээллийг ил тод болгох зэрэг асуудлыг хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид түгээмэл хэлдэг” тухай танилцуулав.

Уулзалтад оролцсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс татварын тал дээр дэмжлэг үзүүлэх, мега төслүүдийг эрэмбэлэх, төслийн менежментийг сайжруулах, газар чөлөөлөлтийг системтэй зохион байгуулах, тээврийн хэрэгслийн татварыг бууруулах, барилгын норм, стандартыг мөрдөж, хот төлөвлөлтийг анхаарах зэрэг асуудлуудыг хөндөж, саналаа хэллээ.

