• Дотоод мэдээ
  • ​П.Сайнзориг: Улсаас олгож байгаа зөвшөөрлийг хоёр дахин бууруулна

​П.Сайнзориг: Улсаас олгож байгаа зөвшөөрлийг хоёр дахин бууруулна

2021/06/15

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Засгийн газар болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ-аас ажлын хэсэг байгуулж хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж байгаа юм. Ингээд ирэх намрын чуулганаар хуулийн төслийг батлахаар төлөвлөж байгаа аж.

-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд оруулж байгаа гол өөрчлөлт нь юу вэ?

-Манай улс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд баталсан байдаг. Үүнээс хойш 20-иод жил үйлчилсэн тус хуульд шинэчлэн боловсронгуй болгохоор Засгийн газар болон нэр бүхий УИХ-ын гишүүдээс хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Эдгээр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэхээр шийдвэрлэж,  УИХ дээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна.

Зөвшөөрлийн тухай хуулиар үндэсний аюулгүй байдал, экологи, эдийн засаг, хүний эрхийг хохирол учруулж болзошгүй зарим үйл ажиллагааг ямар шаардлага хангасан этгээд эрхлэх явуулах уу, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг болох нийтийн өмчийг хэнд, хэрхэн, ямар болзолоор ашиглуулах вэ гээд зохицуулдаг гол хуулиудын нэг. Товчхондоо бол тодорхой төрлийн бизнес, эдийн засгийн үйл ажиллагааг төрөөс хэрхэн яаж зохицуулах, ямар үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, ямар үйл ажиллагааг нь зөвшөөрөлгүй эрхлэх вэ зааглан зохицуулдаг чухал хууль юм. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь эдийн засаг, бизнесийг дэмжин зохицуулахаас гадна нийтийн эрх ашгийг хангах, нийтийн өмчийг зохистой ашиглах бодлого, эрх ашгийг тэнцвэруүүлэх хэрэгсэл юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 914 лиценз, баримт бичиг, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг гэсэн нэрээр олгож байна. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанд саад бэрхшээл, хүнд суртал үзүүлж байна гэж үзэж байгаа. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг өнөөдөр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиас  гадна Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, салбарын 90 гаруй хуулиар зохицуулж байгаа нь нэгдсэн байдлаар уялдаатай зохицуулахад хүндрэл үүсгэж байгаа. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа иргэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийг хараад ямар төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөлтэй эрхэлдэг юм, ямрыг зөвшөөрөл авахгүй хийж болох вэ гэдгийг мэдэх боломжгүй болчихсон. Хууль бүрийг уншиж судлах шаардлагатай байдал үүсч байна. Нөгөө талаар хуулиас давсан шийдвэрүүдээр зөвшөөрөл олгож байна. Хэн нэгэн албан тушаалтан зөвшөөрөл бий болгодог. Энэ бүх байдлыг цэгцлэхээс өөр аргагүй байна. Энэ хуулийн гол өөрчлөлт нь зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгох харилцааг боловсронгуй болгох юм.

-Уул уурхай эрхлэх, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрлийг энэ хуулиар зохицуулна. Ямар нэгэн өөрчлөлт оруулж байгаа юу?

-Уул уурхайгаасаа эхлээд согтууруулах ундаа худалдаалах, хүнсний дэлгүүр ажиллуулах, эмч, хуульчаар ажиллах гээд маш олон төрлийн зөвшөөрөл олгодог.

Хуулийн өөр нэг гол өөрчлөлт нь зөвшөөрөл олгох жагсаалт, үүнийг олгох субъектыг тодорхой болгож нэгдсэн хяналт, уялдаатай зохицуулалт бий болгох явдал байгаа. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийн харилцааг УИХ нэгдсэн бодлогоороо зохицуулна гэсэн үг. Хэн нэгэн албан тушаалтан дур дураараа зөвшөөрөл олгохгүй, бий болгохгүй. Хоёрт,  зөвшөөрлийн тоог зохистой хэмжээнд байлгана. Зөвшөөрөл олгох шаардлагагүй харилцаанд маш олон зөвшөөрөл олгож байна. Үүнийгээ бид хумъя гэж байгаа. Гуравт, хуулиар хориглоогүй буюу хуульд зааснаас бусад үйл  ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж чөлөөтэй эрхлэх боломж олгоно. Дөрөвт, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоно. Үүн дээр цахим технологи ашиглаж, хүнээс хамаарах хүчин зүйлүүдийг аль болох бууруулах юм. Дээрээс нь төрийн олгож байгаа зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх гарцуудыг эрэлхийлж байна. Хамгийн чухал нь ил тод байдлыг хангах. Зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэнэ. Төрийн аль байгууллага, төрөөс эрх шилжүүлж авсан мэргэжлийн холбоод ямар, ямар зөвшөөрөл олгосон байдаг, зөвшөөрөл хүсч байгаа иргэн, аж ахуй нэгжид зөвшөөрөл олгохгүй байх үндэслэл, бүрдүүлэх бичиг баримт, тушаах улсын тэмдэгтийн хураамж зэрэг бүх мэдээллийг ил болгох юм.

-Улсын хэмжээнд хэдэн төрлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож байна вэ?

-19 чиглэлийн 210 төрлийн тусгай зөвшөөрөл олгоно гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар бусад хуулиудаараа салбарлаж явсаар байгаад 914 зөвшөөрөл болчихоод байна. Үүнээс харахад нэгдсэн байдлаар зохицуулж чадахгүй байгаа юм. Хуульд байхгүй маш олон зөвшөөрлийг ИТХ ч юм уу, албан тушаалтнууд бий болгосон байна. Ганцхан жишээ дурдахад Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль дээр банкны үйл ажиллагаа эрхлэх ганцхан зөвшөөрөл байгаа боловч үүнийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар 16 задалж өгчихөөд байна. Энэ бүх байдлыг л нэгдсэн байдлаар энэ хуулиар зохицуулах юм. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэхэд ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авах уу, үгүй юү гэдгээ нэг хууль хараад мэддэг болно.

-Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоод яваад байна гэж байна. Тэгэхээр одоо зөвшөөрөл олгож байгаа ямар, ямар чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрлийг байхгүй болгох вэ?

-Нийтийн өмч, уул уурхайн баялгийг ашиглах үйл ажиллагаанууд зөвшөөрөлтэй явна. Эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлу болзошгүй зарим үйл ажиллагаа зөвшөөрлтэй явна. Тухайлбал, химийн хорт бодис импортлох, экспортлох, үйлдвэрлэх, банк байгуулах гэх мэт үйл ажиллагааг мэдээж зөвшөөрөлтэй явуулна. Өнөөдөр зөвшөөрөлтэй явуулах шаардлагагүй маш олон үйл ажиллагаа байна. Тухайлбал, НИТХ баталчихсан караоке ажиллуулах зөвшөөрөл олгож байна. Энэ бол аль ч хууль дээр байхгүй. Хуульд байхгүй зөвшөөрөл бий болгож, олгож, иргэдээс татвар хураамж авбал тухайн албан тушаалтанд нь хариуцлага тооцъё гэж байгаа. Мөн зөвшөөрөл авах гэж байгаа иргэн, аж ахуйн нэгжээс түүнтэй холбоотой төрд байгаа мэдээллийг нэхэхгүй. Төр нөгөө байгууллагаасаа авчих боломжтой мэдээллийг иргэдээс шаарддаг. Энэ нь эргээд маш их хүнд суртлыг бий болгож байна. Өнөөдөр барилга барих зөвшөөрөл авахад л 50 гаруй гарын үсэг цуглуулдаг гэж байна. Төрд байхгүй нэмэлт мэдээллийг л иргэн, аж ахуй нэгжээс авна.

-Олгож байгаа зөвшөөрөлд хугацаа байдаг. Хуулийн өөрчлөлтөөр зөвшөөрлийн хугацаанд болон төлбөрт өөрчлөлт оруулж байгаа юу?

-Мэдээжийн хэрэг улсын тэмдэгтийн хураамж төлнө. Энэ хууль гарсны дараа иж бүрнээр нь зохицуулах байх. Мөн зөвшөөрөл олгох хугацаанууд харилцан адилгүй байгаа. Барилга, банк санхүү, эклогийн салбар дээр энэ бүхэн харилцан адилгүй байгаа. Мэдээж аль болох үйл ажиллагааны эрхлэн явуулах зөвшөөрлүүдийг хугацаагүй болгох ёстой. Тухайлбал, банк байгуулах, аудитороор ажиллах, барилгын үйл ажиллагаа эрхлэхийг хугацаагүй болгохыг зорьж байгаа. Харин бага хугацаатай олгож байгаа зөвшөөрлүүдийн хугацааг нэмэгдүүлье гэж байгаа. Таваас доошгүй жилээр ч гэдэг юм уу. Мөн зөвшөөрлийн ангиллыг энгийн болон тусгай зөвшөөрөл гэж цаашдаа олгодог болно.   

-Барилгын зөвшөөрөл авахын тулд 50 гаруй гарын үсэг цуглуулдаг гэж байна. Тэгвэл хуульд өөрчлөлт оруулснаар энэ хэд болж буурах вэ. Иргэн, аж ахуйн нэгжид ямар давуу тал бий болох уу?

-Аль болох цахимд шилжүүлж хүний оролцоог багасгана, төрд байгаа мэдээллийг иргэн аж ахуйн нэгж байгууллагаас шаарддагаа болино. Энэ нь маш олон гарын үсэг зуруулах ч юм уу, хүндрэл үүсгэхгүй. Мөн хуульд зааснаас бусад бичиг баримт шаардахгүй гэдгийг энэ хуулиар хатуу тавина.

-914 зөвшөөрлийг 50 хувь багасгана гэж байна. Тэгэхээр ямар чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй болгох вэ. Тодорхой мэдээлэл өгөөч?

-450 орчим зөвшөөрөл олгохоор хоёр хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийн тоо хоёр дахин буурч байгаа. Гэхдээ зөвшөөрлийн тоог бууруулах нь туйлын зорилго биш. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэй, бүрдүүлэх бичиг баримт нь ойлгомжтой байх, зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжид хугацаанд нь хариу өгдөг болно.

-Тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрөл гэж хоёр ангилна гэж байна. Эмч, сувилагч, хуульч нарт өгдөг зөвшөөрөл аль ангилалд нь багтах вэ?

-Тусгай зөвшөөрөлд орж байгаа. Зарим мэргэжлийн үйл ажиллагааг хугацаагүй болгож байгаа. Жишээлбэл, хуульчдын зөвшөөрөл хугацаагүй байдаг. Эмч ч гэсэн насан туршдаа эрхээ авдаг. Харилцаа бүхэн дээр өөр байгаа. Зөвшөөрөл олгох процеруыг ялгамжтай, уян хатан зохицуулаад явах шаардлагатай юм.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс