• Дотоод мэдээ
  • Монголын төр хувийн хэвшилтэй жинхэнэ утгаараа хамтрах уу?

Монголын төр хувийн хэвшилтэй жинхэнэ утгаараа хамтрах уу?

2022/06/07

Монголын төр хувийн хэвшилтэй жинхэнэ утгаараа хамтрах уу?

Төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж байж эдийн засагт ирэх нөлөө, цаашид улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг. Харин сүүлийн үед төр нь хувийн хэвшлээ “дээрэмдэх” олон үйл явдал өрнөснийг энд сануулах нь илүүц биз ээ. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Сангийн яамнаас төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зохицуулах хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлгийн шатанд оруулж иржээ. Одоогийн хэрэгжиж буй Концессын тухай хуулийг илүү сайжруулж, тодорхой болгож буй гэнэ. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас Концессын тухай хуулийг хүчингүй болгож, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болгон шинэчилж, өөрчилж, батлуулах гэж байна.

Энгийнээр Концессын тухай хууль нь төрд санхүүжилт олгох боломжтой гэхдээ нэн хэрэгцээтэй төсөлд хувийн хэвшлийн санхүүжилтээр ажил гүйцэтгүүлж, дараа нь санхүүжилтийг нь шилжүүлдэг зохицуулалттай хууль. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшилтэйгээ хамтран ойлголцсоны үндсэн дээр тодорхой бүтээн байгуулалт болон бусад ажлыг гүйцэтгэдэг гэсэн үг. Концессын хууль нэгэн цагт Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шалтгаан ч болж байв. Тодруулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Н.Номтойбаяр нарын өөрсдийн хамаарал бүхий компанидаа концесс авсан нь огцрох шалтгаан болж, тухайн үедээ дуулиан тарьж байв.

Концессын тухай хуульд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тодорхой болгоогүй, ойлгомжгүй байсан зэргээс шалтгаалж, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр бүтээн байгуулалт болон төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх процессыг Концессын тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуульд өнгөрсөн хугацаанд нийтдээ 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан ч Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр хангалттай хэрэгжиж чадаагүй хууль хэмээн дүгнэжээ.

Концессын тухай хууль 2010 онд анх батлагдсан бөгөөд “Барих-шилжүүлэх”, “Барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр нийт 25,2 их наяд төгрөг буюу 8,9 тэрбум ам.долларын өртөг бүхий 60 төслийн гэрээ байгуулжээ.

Нийт гэрээний 60 гаруй хувь нь “барих-шилжүүлэх” 40 хувь нь “барих-ашиглах-шилжүүлэх” төсөл байжээ. Эдгээр төслийн олонх нь урт хугацааны түншлэлгүй, богино хугацаанд барилга угсралтын ажил, уламжлалт төсвийн хөрөнгө оруулалтаас ялгаагүй боловч төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлдэг ижил төрлийн төслүүдээс 20-30 хувийн өндөр өртөгтэй, төслүүдийн эргэн төлөлт нь улсын төсөвт ихээхэн ачаалал үүсгэж байжээ. 2016-2020 онд нийт 786,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн нь тухайн жилийнхээ төсвийн нийт хөрөнгө оруулалтын 6,8 хувь, ихдээ  22,8 хувийг эзэлж байжээ. 2021 онд 266,3 тэрбум төгрөг батлагдсан бол ирэх онуудад 962,8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэх аж. Концессоор хэрэгжүүлэх төслүүд нь төсвийн тухай хуулийн шаардлагад хамаардаггүй нь Монгол Улс олон төсөвтэй гэж олон улсын байгууллагууд дүгнэх нэг шалтгаан ч болдог аж.

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД 1.4 ТЭРБУМЫН ЗАРДАЛТАЙ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг урьдчилсан байдлаар 1,464,242,829.3 /нэг тэрбум дөрвөн зуун жаран дөрвөн сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуун хорин есөн төгрөг гучин мөнгө/ төгрөгийн зардал гарахаар зардлын тооцооны төсөөлөл гарчээ.

Хөгжлийн хөдөлгүүр болох хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан үр өгөөжтэй өндөртэй төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь эдийн засгийн сэргэлтийн бодлогын гол арга хэрэгсэл болох боломжтой, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах нийгмийн болон эдийн засгийн дэд бүтцийг бий болгосноор эдийн засгийг тэлж дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулах, хувийн хэвшлийг дэмжиж салбаруудын инновац, хөгжлийг хурдасгана гэж хууль санаачлагчид тодорхойлжээ.

Хууль хэрэгжүүлэх хууль хэрэгжүүлэх урьдчилсан судалгаанд дурдсанаар,

  1. Хуулийн этгээдийн зардлын тооцоо хийхэд хуулийн этгээдээс 1,053,932,779.3 /нэг тэрбум тавин гурван сая есөн зуун гучин хоёр мянга долоон зуун далан есөн төгрөг гучин мөнгөтөгрөгийн зардал гарна. Хуулийн этгээдийн зардлыг тооцохдоо дээр дурдсан аргачлалд хуулийн этгээдийн гүйцэтгэх үүрэг гэдгийг тухайн хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах хуульд заасны дагуу тоо баримт, тайлан, холбогдох бусад мэдээллийг бэлтгэн төрийн байгууллага буюу гуравдагч этгээдэд гаргаж өгөх, эсхүл хүргүүлэхийг ойлгохоор тусгасан.Энэ нь хувийн хэвшилд дарамт болох бус харин 20-30 жил хэрэгжих боломжтой өндөр мөнгөн дүн бүхий ТХХТ-ийн төслийн гэрээ байгуулах, бизнес хийх орчин боломжийг нээж өгч байгаа юм.
  2. Төрийн байгууллагад үүсэх зардлын тооцоо хийхэд 410,310,050.0 /дөрвөн зуун арван сая гурван зуун арван мянга тавьтөгрөг байхаар гарлаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн төслийг тооцоо, судалгаанд үндэслэж хэрэгжүүлснээр төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн санхүүжилтийг ашиглах, өндөр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгийг тэлэх зэрэг ач холбогдолтой байна.
  3. Иргэнээс зардал гарахгүй гэсэн төсөөлөл хийгджээ.

Төр, хувийн хэвшилтэй хамтран төсөл хэрэгжүүлэх үе шат:

  1. Төслийн санал. Хувийн хэвшил санаачилга гарган, төртэй хамтран төсөл хэрэгжүүлэх боломжтой.
  2. Урьдчилсан үнэлгээ хийж, энэ төсөл төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл мөн үү гэдгийг тогтоон, тухайн төслийг улсын төсөв, гаднын зээл, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх үү гэдгийг шийднэ.
  3. Бүрэн шинжилгээ хийж, төслийн ТЭЗҮ, эрсдэлийн шинжилгээг хийнэ. Эрсдэлээ бүрэн тооцоогүйгээс олон тот төсөл зогссон жишээ бий.
  4. Түншлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.

Хуулийн төсөл нь есөн бүлэгтэй бөгөөд Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулах аж. Сангийн сайдын хэлснээр энэ хуулийг хувийн хэвшилтэй хамтран хоёр жилийн хугацаанд боловсруулжээ. Мөн Олон улсын практикт төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах 30 гаруй хэлбэр бий. Концесс нь үүний нэг юм. Бид маш хязгаарлагдмал хуулийн орчинд ажиллаж байгаа тул хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Концессын хууль улсын төсөвт ихээхэн дарамт болдог нь буруу жишиг. Барих-шилжүүлэх зарчмаар хэрэгжүүлсэн төслүүдийг Төсвийн хуулиар хянах боломжгүй байдаг тул үүнийг халах цаг болсон.

Хувийн хэвшилд ашигтай атлаа төрийн үйлчилгээг сайжруулсан төслийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байна. Уг хуулийг батлахтай холбогдуулан нийт 26 хуульд өөрчлөлт оруулна гэдгээ онцолж буй.

Аль ч улсын төр улс орны эдийн засаг, нийгэмд томоохон ач холбогдол бүхий томоохон төслүүдэд төр өөрөө санхүү болон бусад байдлаар оролцох боломжгүй бол хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах ёстой. Ингэхдээ хувийн хэвшил нь гадаад, дотоодын байхаас үл хамаарч Монголын төрийн хувийн хэвшилтэйгээ ажиллах процесс, хууль эрх зүйн орчин нь тодорхой, тогтвортой байх ёстойг хөрөнгө оруулагчид сануулдаг. Энэ хууль батлагдаж, амьдралд хэрэгжихэд засгийн эрх барьж байгаа сайд, гишүүдэд давуу эрх олгодог, түүнээсээ болж, Засгийн газраа огцруулдаг бодит жишээнүүдийг санаж, жинхэнэ утгаараа төр, хувийн хэвшил хамтран ажиллах зөв зам нь байх эсэхийг хууль хэрэгжиж эхлэхээр харах л үлдлээ. Монголын төр хувийн хэвшлээ дэмжинэ гэж байнга ярьдаг, хэлдэг ч бодит байдал дээр "булаадаг" болсныг сүүлийн үед болж буй олон процесс харуулж байгааг энд дахинд тодотгоё.

Эх сурвалж: NEWS.MN

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс