• Танхимын мэдээ
  • НИЙСЛЭЛИЙН ТӨСЛҮҮДЭД ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО

НИЙСЛЭЛИЙН ТӨСЛҮҮДЭД ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2026/11/12

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Улаанбаатар түншлэл төв” ХХК хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг бизнес эрхлэгчдэд танилцуулах уулзалт 11-р сарын 12-ны өглөө зохион байгууллаа.

Уулзалтын зорилго нь нийслэлд хэрэгжих төслүүдийн талаар аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэв.

Энэ удаагийн уулзалтаар “Хүүхэд хөгжлийн төв”, “Хүннү логистикийн төв” төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдад олгох татварын хөнгөлөлт, эрх зүйн зохицуулалтын талаар холбогдох байгууллагын төлөөллүүд мэдээлэл өглөө. Мөн оролцогч аж ахуйн нэгжүүдийн асуултад хариулж, санал хүсэлтийг сонсов.

Тухайлбал, “Хүүхэд хөгжлийн төв” төслийн хүрээнд 1,000 хүүхдийн багтаамжтай сургууль, дотуур байр, 700 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, жилийн дөрвөн улиралд ажиллах олон улсын зуслан байгуулахаар төлөвлөжээ.

Тус төв нь хүүхдүүдэд олон улсын боловсрол эзэмшихийн зэрэгцээ монгол хэл, түүх, үндэсний өв соёлоо суралцах, спорт, урлаг, технологийн чиглэлээр хөгжих боломж бүрдүүлэх юм.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийслэлийн зүгээс газар, зам, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай зөвшөөрөл, шийдвэрт дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг тусгай сангаар дамжуулан төвлөрүүлэх боломжийг танилцууллаа.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хэлэхдээ, нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдэд хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах сонирхол их байгааг онцолсон юм. Тэрбээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит ажил болгохын тулд талуудын оролцоо, хариуцлага, хамтран ажиллах нөхцөлийг тодорхой болгох шаардлагатайг дурдлаа.

Уулзалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, нийслэлийн холбогдох байгууллагууд болон төслийн багийн төлөөлөл оролцож, төслүүдийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоо, хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын худалдааны танхимын зүгээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд шинэ боломж, мэдээлэл хүргэх, нийслэлийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Үндсэн цэс