• Арбитр
  • Түгээмэл асуулт хариулт

Түгээмэл асуулт хариулт

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

1. Арбитрын гэрээний загвар заалтыг гэрээндээ хэрхэн тусгах вэ?

Хариулт: Та бүхэн хийж буй гэрээнийхээ маргаан хянан шийдвэрлэх хэсэгт "Энэхүү гэрээнээс үүссэн аливаа маргаан болон гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой маргааныг Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрт эцэслэн шийдвэрлүүлэх бөгөөд арбитрын ажиллагаанд тус арбитрын маргаан хянан шийдвэрлэх журмыг баримтална” тусгаж өгнө.

2. Хэрэг маргааныг хэдий хугацаанд хянан шийдвэрлэх вэ?

Хариулт: Хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрээр тусгай хугацаа тогтоогоогүй бол арбитрын бүрэлдэхүүний удирдамжийг баталснаас хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Маргаан хянан шийдвэрлэх хугацааг талуудын хүсэлтээр эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантай бол арбитрын бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар сунгаж болох бөгөөд сунгах нийт хугацаа 60 хоногоос хэтрэхгүй байна.

3. Арбитраар хэрэг хянан шийдвэрлүүлэхэд шүүхээс ямар ялгаатай болон ямар давуу талтай вэ?

Хариулт: Шүүхээс ялгаатай нь маргааныг талуудын чөлөөт тохиролцоон дээр үндэслэсэн, мэргэжлийн өндөр түвшинд, уян хатан, зардал чирэгдэл багатай, шуурхай шийдвэрлүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, талууд маргаанаа шийдвэрлэх арбитрчаа сонгох, тодорхой үндэслэлээр арбитрчийг татгалзан гаргах, маргаан шийдвэрлэх ажиллагааны журмыг тохиролцох, арбитрын ажиллагаа явуулах газар, хэлээ сонгох, мөн маргаанд биечлэн оролцох хуралдаан, эсхүл зөвхөн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах аргыг сонгох эсэх нь талуудын хувьд чөлөөт сонголт гэж ойлгож болно. Бас нэг том давуу тал бол арбитрын шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх шинжтэй байдаг. 

4. Арбитрын хэрэг маргааныг хэдэн арбитрчаар хянан шийдвэрлүүлэх вэ?

Хариулт: Маргааныг нэг, гурав эсхүл талуудын тохиролцсон сондгой тооны хэдэн ч арбитрчаар шийдвэрлүүлж болно. Хэрэв талууд арбитрчийн тоог тохиролцоогүй бол маргааныг нэг арбитрчаар шийдвэрлүүлнэ. 

5. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч болох уу? 

Хариулт: Арбитрын ажиллааны явцад талууд бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрвэл арбитрын ажиллагааг дуусгавар болгож, эвлэрлийн нөхцөлийг арбитрын шийдвэрт тусгаж баталгаажуулна. 

6. Арбитрын зардлыг төлөх тухай мөн арбитрын зардлыг хэсэгчлэн төлөх боломжтой юу?

Хариулт: Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа арбитрын зардлыг урьдчилан төлсөн байна. Сөрөг нэхэмжлэл гаргасан тал нэхэмжлэгчийн адил арбитрын зардлыг төлнө. Нэхэмжлэгч арбитрын зардлыг хэсэгчлэн төлөх талаар арбитрт хүсэлт гаргаж болох бөгөөд хэсэгчлэн төлөх зардлын доод хэмжээ арбитрын нийт зардлын 50 хувиас доошгүй байх бөгөөд зардлын үлдэгдэлийг арбитрын шийдвэр гарахаас өмнө 7-оос доошгүй хоногийн өмнө төлнө.

7. Нэхэмжлэлийн үнийн дүн нь тодорхой бус тохиолдолд арбитрын зардалыг хэрхэн тооцох вэ?

Хариулт: Арбитрт анх нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн үнийн дүн тодорхой бус тохиолдолд 500 000 (таван зуун мянга) төгрөгийг төлнө.

8. Нэхэмжлэлийн үнийн дүн гадаад улсын валютаар үнэлэгдсэн тохиолдолд арбитрын зардлыг хэрхэн тооцох вэ?

Хариулт: Нэхэмжлэлийн үнийн дүн гадаад улсын валютаар үнэлэгдсэн тохиолдолд түүнийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож арбитрын зардлыг төлнө. 

9. Ямар тохиолдолд арбитрын зардлыг буцаан олгох вэ?

Хариулт: Арбитрын бүрэлдэхүүний удирдамжийг батлахаас өмнө нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, талууд эвлэрэн хэлэлцсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр арбитрын ажиллагааг дуусгавар болгосон бол тухайн арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааны бодит зардлыг тооцон арбитрын төлсөн зардлаас суутган үлдсэн төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгож болно. Арбитрын ажиллагааны явцад арбитрын хэлэлцээр хүчингүй болсон, эсхүл тухайн маргаан арбитрын харьяаллын маргаан биш болох нь тогтоогдсон тохиолдолд арбитрын зардлын 50 хувийг нэхэмжлэгчид буцаан олгоно. Арбитрын шийдвэр гаргахаас өмнө талууд эвлэрэн хэлэлцэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын зардлыг талууд тэнцүү хувиар төлөхөөр арбитрын бүрэлдэхүүн шийдвэрлэж болно. Арбитр аль нэг талаас эсхүл талуудаас хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт зардлыг урьдчилан төлүүлэх бөгөөд урьдчилгаа төлбөр нь бодит гарсан зардлаас илүү гарсан тохиолдолд арбитрын шийдвэр гарсны дараа илүү төлбөрийг буцаан олгоно. 

10. Арбитрын ажиллагааг түргэвчилсэн хэлбэрээр явуулж болох уу?

Хариулт: Арбитрын ажиллагааг түргэвчилсэн хэлбэрээр явуулах хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэхүү хугацааг арбитрын дарга 15 хоногоос хэтрэхгүй хугацаагаар сунгаж болно. 

Дараах шаардлагыг хангасан тохиолдолд арбитрын бүрэлдэхүүнийг бүрдэхээс өмнө талуудын аль нэг нь эсхүл талууд арбитрын ажиллагааг түргэвчилсэн журмын дагуу явуулах хүсэлтээ арбитрт гаргана:

  • Нэхэмжлэлийн үнийн дүн нь тавин сая төгрөгөөс доош байх;
  • Талууд харилцан тохиролцсон байх;
  • Маргааныг шуурхай шийдвэрлэх шаардлага үүсэн.

Арбитрын дарга хэргийг түргэвчилсэн хэлбэрээр явуулах эсэхийг шийдвэрлэнэ. 

11. Монгол Улсад гарсан арбитрын шийдвэрийг гадаад улсад хэрхэн гүйцэтгүүлэх вэ?

Хариулт: Арбитрын үндсэн шийдвэрийг гадаад улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэх бол Монгол Улсын нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээ, конвенцид заасан шаардлага хангахуйц баримт бичгийг холбогдох талын оролцоотойгоор бүрдүүлж, эрх бүхий байгууллагаар уламжлан, тухайн улсад илгээж, гүйцэтгэх арга хэмжээ авна.

12. Талууд хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг шүүхээр гаргуулж болох уу?

Хариулт: Арбитрын бүрэлдэхүүн, эсхүл түүний зөвшөөрснөөр талууд нотлох баримт гаргуулахад туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болох бөгөөд шүүх уг хүсэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан нотлох баримт гаргуулах журмын дагуу шийдвэрлэнэ.

 

Үндсэн цэс