Энэ сараас хэрэгжиж эхэлсэн хуулиуд

2022/05/04

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд  тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингээд хуулиудын онцлох зохицуулалтын талаар танилцуулья.


КАРАОКЕ, ЗОЧИД БУУДЛЫН ӨРӨӨ, САУНД КАМЕР БАЙРШУУЛАХЫГ ХОРИГЛОНО

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль энэ сараас хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн онцлох заалтаас дурдвал "Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд камер байршуулахыг хориглоно" гэжээ. 

Тодруулбал, ресторан болон хоолны газрын VIP өрөөнд камерын бичлэг байх ёсгүй. Харин нийтийн зааланд дууны бичлэг байхгүй, зөвхөн камерын  бичлэг байна. Орц, гарцны хувьд давхартаа 2-3 айл амьдардаг гэж бодоход камерын бичлэгийг тухайн давхарт амьдарч байгаа айлуудын болон хууль хяналтын байгууллагын зөвшөөрлөөр өгөх аж. 

Дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах болон бичлэгийг ашиглахад дараах үйл ажиллагааг ХОРИГЛОНО:

  • Нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах,
  • Нийтийн зориулалттай орон сууцны дүрс бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр түгээх,
  • Дүрс бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрс бичлэгийг харуулах, хуулбарлаж өгөх,
  • Хуульд заасан журмын дагуу мэдээлэл хариуцагч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд байгаа мэдээлэлтэй танилцах, хандаж харах, хадгалагдсан бичлэгийг үзүүлэх, сонсгох, хуулбарлаж өгч болно.

Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг дэлгэж, түгээсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, 1.3-10 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр болжээ.

ГАЗАР АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БАЙЛГАНА

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд байнга нээлттэй байх мэдээлэлд:

  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл,
  • Оюуны өмчийн эрх,
  • Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл,
  • Газрын мэдээлэл,
  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэгдсэн төсөв,
  • Үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар,
  • Хөрөнгийн хэмжээ,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах,
  • Төсвийн хөрөнгийн ашиглалт, түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл,
  • Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ зэрэг мэдээллийг ил тод болгохоор хуульчилжээ.

Мөн газар ашигласны төлбөр төлөлтийн мэдээлэл, улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандивын мэдээлэл, хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл болон мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг, эхийн нэр, суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, санхүүжүүлсэн сургалтын зардал, гэрээний хэрэгжилт зэрэг мэдээллийг ил тод, нээлттэй байлгах тухай заажээ.

10 ЖИЛИЙН ӨМНӨ БАТАЛСАН ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Цахим гарын үсгийн тухай хуулийг арван жилийн өмнө баталсан ч цахим гарын үсэг олон нийтийн дунд хэрэглээ болж хэвшээгүй л явна. Өнгөрсөн арван жилд 38 мянган цахим гарын үсэг олгожээ. Нийгмийн даатгалын тайлан өгдөг, тендэрт оролцдог аж ахуйн нэгж, иргэд авсан байна. Тэгвэл энэ сараас дээрх хууль хэрэгжиж эхлэв. 

Шинэ хуулиар цахим гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд  16 ба түүнээс дээш насны 2.2 сая гаруй хүний иргэний үнэмлэхэд цахим гарын үсгийг суулгах юм. Өөрөөр хэлбэл, иргэн тоон гарын үсэг авах хүсэлтийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй гаргана. 

Иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгох бөгөөд цахим гарын үсэг нь танигдалт төдийгүй, цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, гэрээ хэлцэл байгуулахад, түүнийгээ илэрхийлэхэд баталгаа болно. Тоон гарын үсэг нь төр, хувийн хэвшлийн байгууллагын цаасны хэрэглээг эрс бууруулах, үр нөлөөтэй арга юм. Жишээлбэл, интернэт банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл, E-Mongolia системд өөрийгөө таниулан нэвтэрч олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах, цаашлаад гэрээ хэлэлцээр, өргөдөл хүсэлт гаргах, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд ч тоон гарын үсгийг нэвтрүүлэх бүрэн боломжтой.

  • Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ.
  • Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой.
  • Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна.

Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлснээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж ийнхүү бүрдэж байна.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж байгаа анхдагч хууль бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд яригдаж, долоон  удаа төсөл боловсруулагдаж байжээ. Монгол Улсын хувьд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д мэдээллийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэмээн тодорхойлсон.

Гэсэн ч  кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль, эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа сул явж иржээ. 

Ийнхүү хууль батлагдсанаар кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх, хяналт тавих, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах боломж бүрдэж байна. 

Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллаж, үндэсний хэмжээний кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг хэрэгжүүлнэ. Засгийн газар үндэсний хэмжээний кибер халдлагын үед ажиллах төлөвлөгөө, стратеги, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт зэрэг баримт бичгийг батлахаар заажээ. Түүнчлэн Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Зөрчлийн тухай, Харилцаа, холбооны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тус, тус оруулжээ.

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛНИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Холбоотой мэдээлэл
Давосын Эдийн засгийн чуулган эхэллээ
2022/05/23
БНСУ, Монгол Улсын бизнес эрхлэгчид олон салбарт хамтран, харилцан ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлнэ
2022/05/20
Засгийн газар: Элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэв
2022/05/18
Л.Халтар: Европоос ОХУ-аар дамжин Монгол руу хийх тээвэр одоогоор хэвийн явж байна
2022/05/17
Бизнес дэх хөнгөлөлт чөлөөлөлт нь НӨАТ-ын хэрэгжилтийг гажуудуулдаг
2022/05/16
Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого эхний улиралд 53 хувиар буурсан
2022/05/13
Яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагууд ирэх онд 41 их наяд төгрөгөөр 643 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлжээ
2022/05/11
УБХТ, GS1-Монгол байгууллага хамтран ЖДҮЭ эмэгтэйчүүдийг сургалтанд хамрууллаа
2022/05/10
ОУВС: Чинээлэг иргэдэд төрөөс үзүүлдэг дэмжлэгийг зогсоовол инфляц буурах боломжтой
2022/05/06
Үндсэн цэс