• Танхимын мэдээ
  • "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ

"Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ

2022/10/26

"Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл"-ийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд танилцуулан хэлэлцүүлэх нээлттэй хэлэлцүүлгийг УБХТ-аас 10-р сарын 24-нд амжилттай зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, хуулийн төслийг боловсруулсан Сангийн яамны төлөөлөл, ажлын хэсгийн зарим гишүүд оролцож аж ахуйн нэгжүүдийн асуусан асуултад хариулж санал солилцов. 

Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг УБХТ нэгтгэн УИХ-ын ЭЗБХ, ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлэх болно. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн өнөөгийн байдал: Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зам, барилга, дэд бүтцийн олон төсөл санаачилдаг боловч ийм төрлийн том төслүүдийг хэрэгжүүлэхэд төрийн бодлогын болон санхүүгийн бус бусад дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болдог. Харамсалтай нь төрийн зүгээс ийм төрлийн дэмжлэг бараг байдаггүй. Иймээс олон улсад “Төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн (ТХХТ) аргаар ийм төрлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлдэг. Одоогоор Монгол улсад эхний алхам болгож концессийн аргыг ашиглаж байгаа ч энэ нь төсөвт дарамт болдог. Харин ТХХТ-ийн бусад аргуудыг хуульчилан хэрэглэж эхэлснээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төсөвт ямар нэгэн дарамт болохгүй давуу талтай байдаг.

Хуулийн төслийн талаар товч: “ТХХТ-ийн тухай хуулийн төсөл” нь нийт 9 бүлэг, 60 зүйлтэй. Энэ хууль батлагдвал ТХХТ-ийн асуудал хариуцсан нэг яам эсхүл агентлаг, 1 ТХХТ-ийн төв шинээр байгуулагдах ба эдгээр байгууллагууд нь Сангийн яамтай хамтран дараах ажлуудыг хийнэ:

  1. төслийн санал хүлээн авах,
  2. урьдчилсан үнэлгээ хийх,
  3. төслийн үнэлгээг Засгийн газраар хэлэлцүүлэх,
  4. батлагдвал Монгол улсын хөгжлийн хөтөлбөрүүдэд оруулан УИХ-аар батлуулах,
  5. төслийн нэгдсэн үнэлгээг хийх, ТЭЗҮ хийх гэх мэт ажлуудыг хийх,
  6. төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, сонгож авах,
  7. сонгогдсон компанитай хэлэлцээр хийх,
  8. гэрээ байгуулах,
  9. төслийн хэрэгжилтэд хяналт тавих,
  10. зөвлөгөө өгөх,
  11. шаардлагатай бол төслийг зогсоох
  12. төслийн үр дүнд бий болсон өмч хөрөнгийг төрд шилжүүлэх ажлыг зохион байгуулах гэх мэт маш олон ажил, үүрэг, хяналт шалгалтыг хийж шийдвэр гаргана.

Энэ процессоор явбал шинэ төсөл санаачилсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж өөрөө тэр төслөө хэрэгжүүлэх боломжгүй болохоос гадна төслийн санал гарснаас хойш гэрээ байгуулж ажлаа эхлэх хүртэл доод тал нь 2-3 жил болох болно. Ө.х. энэ хууль ингэж батлагдсан тохиолдолд хувийн хэвшил төртэй хамтран төсөл хэрэгжүүлэх бараг боломжгүй болох болно. 

 

 

Үндсэн цэс