• Бодлогын өмгөөлөл
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү

Бизнес эрхлэгч та төрийн байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юу?

Хэрэв ТИЙМ бол УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл"-д саналаа өгөөрэй. 

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай товч:

Олон улсад төр, хувийн хэвшлийн түншлэл гэж ялангуяа томоохон нийгмийн үр ашигтай төслүүдийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэн хамтарч ажиллахыг хэлдэг. Ихэнх тохиолдолд дэд бүтцийг барьж байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхдээ ТХХТ-ийн механизмийг ашиглаж байгаа ба эдгээр төслүүдийнхээ санхүүжилт, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, ашиглалт, төрд шилжүүлэх бүх ажлуудыг хувийн хэвшил бие даан гүйцэтгэдэг.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон хэлбэр байдаг бөгөөд дараах хэлбэр нь хамгийн өргөн хэрэглэгдэж байна:

- Build-Operate-Transfer (BOT) буюу барьж байгуулан, ашиглаж байгаад шилжүүлэх;

- Build-Operate-Own (BOO) буюу барьж байгуулан, ашиглаж, өмчлөх;

- Design-Build (DB) буюу зураг төсөл гарган барьж байгуулах;

- Buy-Build-Operate (BBO) буюу Засгийн газар өмнө нь байсан төслөө хувийн хэвшилд зарж, түүнийг нь хувийн хэвшил сайжруулан ашигладаг хэлбэр.

Одоогийн байдлаар Монгол улсад Концессийн тухай хуулиар төр, хувийн хэвшлийн түншлэлийн анхны хувилбарыг бий болгон ашиглаж байна.

Хуулийн төслийн тухай товч:

УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл"-ийг Монгол улсын Сангийн яам боловсруулсан ба тус хуулийн зорилго нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд чиглэж буй.

Гэхдээ энэ хуулийн төслөөр төртэй хамтран ажиллах хувийн хэвшлийнхний хувьд хэт олон шат дамжлага бий болгосон, төслийн санал авах, үнэлгээ хийх, төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах гэх мэт бүх үйл явцад төрийн захиргааны байгууллагуудын оролцоо их болохоор харагдаж байгаа тул УБХТ энэ хуулийн төсөлд хувийн хэвшлийнхний саналыг нэгтгэн авч УИХ-д хүргүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд УБХТ "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцүүлэг"-ийг 2022 оны 10-р сарын 24-нд 10:00 цагаас Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Та бүхнийг энэ хэлэлцүүлэгт ирж, тодорхой төсөл хэрэгжүүлэхээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллах үед тань тулгамдаж байсан асуудлуудынхаа талаар дэлгэрэнгүй ярилцахыг урьж байна.

Тус хэлэлцүүлэгт хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдийг мөн урьсан.

ЭНД дарж хуулийн төслийг татан авч дараах хаягаар саналаа ирүүлэхийг хүсье.

Э-шуудан:   info@ubchamber.mn 

Утас:            7700-3883

Үндсэн цэс