• Танхимын мэдээ
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын санаачилгаас Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах санал гаргалаа

Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын санаачилгаас Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах санал гаргалаа

2023/12/08

Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын Хамтын Санаачилгаас Монгол Улсын Эдийн Засаг, Хөгжлийн Яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Улсын Их Хурлын Эдийн Засгийн Байнгын Хороо болон Төсвийн байнгын хороонд хүргүүлэх нь:

Бизнес, хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчныг сайжруулах тухай

Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын хамтын санаачилга (ХАҮТХС)-ын зүгээс Монгол улсын бизнес, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах үүднээс дараах бодлогын алхмуудыг авах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

1. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны эко тогтолцоог бүрдүүлэх:

  • Хуулийн засаглал: хуулийн заалтууд бүрэн хэрэгждэг байх,
  • Хууль, эрх зүйн орчны тогтвортой, нээлттэй ил тод байдлыг сайжруулах, тухайлбал Ил тод байдлын (Transparency Agreement) хэлэлцээрийн хэрэгжилтийг бүрэн хангах
  • Гэрээний хэрэгжилтийг хангах,
  • Хөрөнгө оруулалт хийх урамшуулал, дэмжлэг үзүүлэх,
  • Шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шинэчилж, маргааныг шударгаар, шуурхай, үр дүнтэй шийдвэрлэдэг болгох

2. Худалдаа, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар нэгдсэн бодлогыг боловсруулж гаргаж, хэрэгжүүлэх:

  • Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг энэхүү бодлоготой уялдуулж, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц хөрөнгө оруулалт татах хууль болгон өөрчлөх;
  • Эдийн засгийг төрөлжүүлэх, уур уурхайн салбараас хэт хараат байдлыг бууруулах зорилгоор (а) нэн тэргүүнд дэмжих болон (б) тодорхой хүрээнд дэмжих эдийн засгийн чиглэлүүдийг тодорхойлж, тэдгээрт үзүүлэх татварын болон татварын бус урамшуулал, дэмжлэгийн талаар тусгах;

3. Татварын бодлогын цогц шинэчлэлийг хийж, татварын таатай орчин бий болгох:

  • Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд оруулж, хөрөнгө оруулагчдад татварын урамшууллын төрлүүд, хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг хангалттай хэмжээнд тусгах шаардлагатай. Тухайлбал,
    • Хувьцаа борлуулсан орлогод ногдох 20 хувийн суутган татвар (Withholding tax)-ын хэмжээг бууруулах
    • Нэмэгдсэн Өртгийн Урвуу Албан Татвар (Reverse VAT) цуцлах;
  • Татварын маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэх эсэхээс үл хамааран нөхөн ногдуулалтын актын торгууль, алданги, хүү зэргийг шууд төлүүлэхийг яаралтай зогсоох.

4. Татварын маргааныг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх

  • Татварын маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, хөндлөнгийн хараат бус болгох.

5. Төрийн албыг илүү цомхон, мэргэшсэн, чадварлаг болгох

  • Иргэн төвтэй төрийн үйлчилгээний соёлд суурилсан төрийн албаны тогтвортой тогтолцоог хөгжүүлэх.

Түүнчлэн ХАҮТХС-ын зүгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулахаар нийт 15 орчим нэгдсэн тодорхой саналыг бичгээр хүргүүлсэн болно.

Эцэст нь, бидний зүгээс дээрх санаачилгуудын хүрээнд Монгол Улсын Их Хурал болон Засгийн Газартай хамтран ажиллахад бэлэн бөгөөд шаардлагатай мэдээллийг харилцан солилцох зорилгоор хоёр талт тогтмол уулзалтуудыг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хүрээнд зохион байгуулж байх саналыг хүргүүлж байна.

 

Гүнээ хүндэтгэсэн,

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)  
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим
Улаанбаатар хотын Худалдааны Танхим
Монголын Бизнесийн Зөвлөл
Герман - Монголын Бизнесийн Холбоо
Британийн Худалдааны Танхим
Монгол - Европын хамтарсан Худалдааны Танхим
Монгол - Францын Худалдаа, аж үйлдвэрийн танхим

 

 

Үндсэн цэс