2022 оны эдийн засгийн төлөв

2021/12/24

2022 оны эдийн засгийн төлөв

2021 он дуусах нь байна. Дууслаа гээд ирэх онд бүх зүйл тэс өөр болохгүй нь ойлгомжтой. Яг л бахь байдгаараа ковид, хилийн гацаа, үнийн өсөлт, өөдрөг төсвийн асуудлууд нь хүлээж л байх болно. Ганц найдлага тавьж байгаа зүйл нь гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнэ өндөр байгаа явдал л байна. Гэвч гадаад зах зээлийн тодорхой бус байдал өндөр байгааг мэргэжлийн байгууллагуудын судалгаа илтгэнэ. 

ГАДААД ЗАХ ЗЭЭЛД ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ ӨНДӨР БАЙНА

Гадаад зах зээл дээр сэргэлт ажиглагдаж байгаа ч  саад болох 3 том эрсдэл хуримтлагдаж байгааг ОУВС-н тэргүүн илтгэлийн үеэрээ дурдав. Тэрээр биднийг урагш алхахад хөлд чулуу тээглэж байна. Эхний чулуу бол ковидын нөхцөл байдал тодорхой бус байна. Хоёр дахь чулуу бол ковидын эсрэг явуулсан үлэмж хэмжээний зөөлөн бодлогын нөлөөгөөр бий болсон үнийн өсөлтийг хэрхэн аргамжлах. Харин сүүлийн чулуу бол энэ бүх бодлогыг хэрэгжүүлэхэд тавьсан өр нь улс орнуудын даах хэмжээнээс хэтэрсэн байгааг онцолжээ.

Зураг 1. Дэлхийн бүх улс орнууд үнийн өсөлттэй нүүр тулж байна /Эх сурвалж: ОУВС-ийн тайлан/Зураг 1. Дэлхийн бүх улс орнууд үнийн өсөлттэй нүүр тулж байна /Эх сурвалж: ОУВС-ийн тайлан/

Мэдээж эдгээр тодорхой бус байдал байгаа ч 2022 онд эдийн засаг өснө гэсэн өөдрөг хүлээлт мэргэжлийн байгууллагуудын тайлангаас ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч 2021 оны өсөлтөөс илүү гарахгүй байх төлөвтэй байна.

Зураг 2. Бүс нутгуудын эдийн засгийн өсөлт, ОУВС-н таамаглал /Эх сурвалж: ОУВС-ийн тайлан/Зураг 2. Бүс нутгуудын эдийн засгийн өсөлт, ОУВС-н таамаглал /Эх сурвалж: ОУВС-ийн тайлан/

Харин манай улсын хувьд бүс нутгийн эдийн засаг тэр дундаа Хятадын эдийн засаг чухал нөлөөтэй. Хятадын эдийн засаг хэрхэхээс манай улсын зэс, нүүрсний үнэ тодорхой болно. Олон улсын байгууллагуудын таамаглалаар ирэх жилүүдэд зэс, нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх боломжтой гэжээ. Тэгэхээр манай эдийн засаг дотооддоо мөнгөний болон сангийн бодлогоор нөхцөл байдлаа хэрхэн удирдахаас их зүйл хамаарна. 

ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨВ БАТЛАГДАВ

2022 оны төсөв зарлагаа эхэлж батлаад, түүндээ зориулж орлогоо тавьсан мэт харагдана. Цар тахлын хүнд үед түүхэнд байгаагүй өндөр орлого цуглуулах юм байх аа. Нүүрсээ 2018, 2019 он шиг 36 сая тонн хүргээд экспортолж чадна л гэнэ. Экспорт хаагдсан, импорт гацсан, дотоодын халдвар их, омикрон вирустэй ийм үед хэвийнх шигээ орлого олно гэдэг хэцүү. Хөрөнгө оруулалтын зардалд ихээр мөнгө төсөвлөсөн ч барилгын материалын зардал болон тээврийн зардал нэмэгдэхтэй холбоотой дуусаагүй барилгууд ирэх жилүүдэд үлдэх нь байна.

Хүснэгт 1. Батлагдсан төсөв, их наяд төгрөгөөр

 

2020 гүйц.

2021 бат.

2022 бат.

НИЙТ ОРЛОГО

10,444

13,732

16,415

    Татварын орлого

8,512

10,626

13,941

    Татварын бус орлого

952

1,431

1,830

НИЙТ ЗАРЛАГА

13,904

15,748

18,159

    Урсгал зардал

10,829

12,984

13,307

    Хөрөнгийн зардал

3,034

3,364

5,116

ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ

-4,440

-3,692

-2,387

ДНБ-д эзлэх хувь

-12.0%

-8.8%

-5.1%

Эх сурвалж: Батлагдсан төсөв, 2022

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ГОЛ СОРИЛТ НЬ ҮНИЙН ӨСӨЛТ БАЙХААР БАЙНА

Инфляц хэдийнээ 10 хувь давлаа. Өсөлтийн шалтгааны эхнийх нь эрэлтийн гаралтай буюу эдийн засаг идэвхжиж, иргэдийн орлого нэмэгдэх үед бий болдог үнийн өсөлт юм. 2021 оны III улирлын байдлаар иргэдийн орлого буурсан, дагаад хүнсний бус зарлагаа огцом багасгасан энэ нөхцөлд эрэлтийн гаралтай үнийн өсөлт бараг л бий болоогүй. Хоёрдахь нь  нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт нь энэ удаагийн гол шалтгаан болж байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой тээвэр, хадгалалтын зардал өсөж, улмаар ложистикийн асуудлууд үргэлжилсэн хэвээр байна. Энэ нь барааны нийлүүлэлтийн өртөгийг нэмэгдүүлж үнийн өсөлтийг бий болгож байна. Монголбанкны зүгээс энэ төрлийн шалтгааныг бодлогын хүүгээрээ удирдаж чадахгүй учраас одоог хүртэл хүүгээ 6 хувьд хэвээр барьж байна. Гэвч бидний анхаарах ёстой зүйл бол ирэх жилүүдэд ковидын нөлөөллөөс хамаарсан тээвэр ложистикын асуудал шийдэгдэж гадаад худалдааны эргэлт хэвийн горимд шилжих нөхцөлд, валютын гадагшлах урсгал нэмэгдэх, улмаар валютын ханшид дарамт учрах эрсдэл нэлээд өндөр байхаар байна. Үүнийг нотлож байгаа юм шиг ирэх оны төсвийг батлахдаа ам.долларын ханшийг өнөөдрийн ханшнаас даруй 3 орчим хувиар өсгөн тооцож төсөвлөсөн нь ирэх жилүүдэд төрөөс ам.долларын ханшийг хангалттай түвшинд барьж чадахгүйгээ хүлээн зөвчөөрч буйг харуулж байна.

Зураг 3.Инфляц /Эх сурвалж: Монголбанк/Зураг 3.Инфляц /Эх сурвалж: Монголбанк/

ИРЭХ ОНД ЭДИЙН ЗАСАГ 4-5 ХУВИАР ӨСӨХӨӨР БАЙНА

Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт саарах хүлээлттэй байгаа нь нэгт ОТ-н баяжмал дахь алтны агууламж багасахаар байна. Түүнээс гадна ОТ-н хувьд улс төрийн нөлөөлөл, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн зэрэг олон асуудал үргэлжилсэн хэвээр байна. Хоёрт 2020 оны эхнээс хилийн хөл хорионы улмаас түүхий эдийн экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Өдөрт дунджаар 1500 орчим машин гардаг нүүрсний гол боомтоор 11-р сарын байдлаар 500-600 орчим машин гарч байгаа нь одоо ч 3 дахин бага үзүүлэлт юм. 

Харин уул уурхайн бус салбарын өсөлт нь төрөөс дэмжлэгтэй салбаруудаас голлон хамаарахаар байна. Тухайлбал, эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн 10 их наяд төгрөгийн хөтөлбөр нь 34 хувийн биелэлттэй байна(Монголбанкны мэдээлэл). Тус хөтөлбөрийн нөлөөгөөр уул уурхайн бус салбарт өсөлт идэвхжихээр байна. Цар тахлын энэ үед (1) ЗГ-н хөрөнгө оруулалтын зардалтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын импорт болох барилгын материал, техник, тоног төхөөрөмж, эд анги дэмжихээр байгаа, (2) Төв банкны зөөлөн бодлогын нөлөөгөөр банкны систем дэхь бизнесийн зээл 14 хувийн өсөлт үргэлжлэхээр байгаа зэрэг нь уул уурхайн бус салбарыг дэмжихээр байна.

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮҮСЭХ ЭРСДЭЛҮҮД ЭЭЛЖЭЭ ДАРААЛАН ХҮЛЭЭЖ БАЙНА

Зээлийн чанар муудах эрсдэлтэй. Бодлогын хөтөлбөрийн нөлөөгөөр зээлийг өсгөсөн ч зээлийн чанар муудах хандлагатай байна. Ковидын нөлөөгөөр зээлийн чанарын ангилал өөрчлөгдсөн нь зээлүүдийг хэвийн зээлээр тооцож буйг анхаарах хэрэгтэй. Нийтдээ 10 төгрөгийн зээлийн 2 төгрөг нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл бол үлдсэн 2 төгрөг нь ковидын нөлөөнд өртсөн зээл байна. Өөрөөр хэлбэл зээлийн багцын 40 хувь нь асуудалтай зээл байна.

Крипто хөөс хагарах болно. Богино хугацаанд ашиг олох сонирхолтой хөрөнгө нэг газраа удаан байршихгүй нь ойлгомжтой. Тиймээс зах зээлээс тодорхой хугацааны дараа мөнгө гарахад ихэнх койнуудын үнэ унаж эхэлнэ. Унаж эхлэхэд хөрөнгө оруулагч нар сандран зарж эхлэх бөгөөд мөнгөө алдаад л дуусна. Хууль эрхзүйн зохицуулалт байхгүй тэр үед хичнээн жагсаж, цуглаад ч амжилтыг эс олох нь ойлгомжтой биз ээ.

Жаахан баримт сөхөхөд, дэлхий даяар 2021 оны байдлаар койнд хөрөнгө оруулсан иргэдийн 98 хувь нь мөнгөө алдаж, ICO (койны урьдчилсан захиалга, өөрсдийн платформоор дамжуулан) хийсэн нийт тохиолдлын 97.5 хувь нь бүтэлгүйтээд байна. Энэ бол шинэ блокчейн, крипто нэрээр халхалсан луйвар, понзи схемийн айхтар том хөөсөн давалгаа юм. Манай улсад ч мөн адил энэхүү ICO давлагаа эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-с виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг боловсруулж баталлаа. Хуулийн гол санаа нь юу байв? 

  • Виртуал хөрөнгө нь аливаа төрлийн хадгаламж, хөрөнгө оруулалтын хамгаалалтад орохгүй. 
  • Койн, токеныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байхаар тусгаж өгсөн. 
  • Үйлчилгээ үзүүлэгч хувийн дансаар хүртэл мөнгө босгох тохиолдол гарч байгаа учраас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч аливаа биржүүд мэдээлэх үүрэгтэй. 
  • Зар сурталчилгааны хуулийн дагуу койн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарыг ямар нэг байдлаар олон нийтэд сурталчлах, ил, далд хэлбэрээр зарим үйл ажиллагааг санхүүжүүлэхийг бүрэн хориглов.

Хэдий эдгээр арга хэмжээг тусгасан ч виртуал хөрөнгөтэй холбоотойгоор иргэд болон үйлчилгээ үзүүлэгч хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг төр зохицуулах боломж байхгүй. Энэ нь иргэд өөрсдөө эрсдэлээ үүрнэ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хууль батлагдсан ч зах зээл дээр арилжаалагдаж байгаа койнууд баталгаатай гэсэн үг биш гэдгийг санахад илүүдэхгүй биз.

Гэвч бид үүнийг хөөс гээд бүгдийг нь харлуулбал буруу. Дэлхий нийтэд өртөг өндөртэйгээр хийгддэг зүйлсийг блокчейн технологи өөрөө хялбарчилж байна. Бид нэг улсаас нөгөө улсруу мөнгө шилжүүлэхэд заавал шимтгэл төлөх шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл, блокчэйн технологи дээр суурилсан ухаалаг хүний оролцоогүй, шат дамжлага, хүнд сурталыг шийдвэрлэх системүүд ар араасаа бий болж байгаа нь сайшаалтай.  

Бидний хувьд хөөс хөгжил хоёрыг ялгаж салган харах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, койн иргэдийг бизнест илүү хялбараар хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж өгсөн гэж харвал гуравхан сарын хугацаанд Монгол Улсад 30 орчим койн шинээр гарч үүнд 400 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, тус зах зээл дээр 2.5 орчим их наяд төгрөг эргэлдэж байгаагаас харж болохоор байна.

Мөн койн хэлбэрээр хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааг санхүүгийн нэг арга хэрэгсэл гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч эхлээд байгаа нь цаашид бид ч үүнд анхаарал хандуулан авч үзэх шаардлагатайг харуулж байна. Ингэхдээ тухайн койны ард ямар бодит бизнес, ноу-хау, туршлага байгааг анхаарах нь зүйтэй юм. 

Энэ нь бид цаашид технологийн шинэчлэлттэй уялдуулан үнэт цаасны тухай хууль болон хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг шинэчлэн сайжруулан хөгжүүлэх, улмаар хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн захад татаж оруулах шат дамжлагагүй, хялбар системийг бий болгох хэрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулалтын эко систем бий болж, цаашид хөрөнгө оруулалтын таатай орчин үүсэх боломжтой байна.

Мөн төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тодорхой хувийг хувьчилж, иргэдийн хяналтанд оруулах засгийн газрын бодлогыг бодитоор, богино хугацаанд хэрэгжүүлэх боломжийг ч бүрдүүлэх ач холбогдолтой юм.

ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ҮҮССЭН ЭРСДЭЛҮҮД ЭДИЙН ЗАСГИЙН АГЕНТУУДАД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТАЛААР НЭГТГЭН ДҮГНЭХЭД...

Өрх гэрүүд өрхийн санхүүгээ зөв удирдаж, хөрөнгө оруулалт хийхдээ анхаарах нь зүйтэй. Өрхийн орлого ирэх жилүүдэд өсөхөөргүй байна. Өсөхгүй байгаа дээр нь үнийн өсөлт ихээр явагдаж, өрхийн орлогоос давхар хумсална. Харин зарлага талдаа моргейжийн төлбөр, дулаан цахилгааны төлбөрүүдээ төлөх шаардлага үүснэ. Тиймээс өрхийн санхүүгээ зөв удирдаж, эрсдэлээ сайн тооцох.

Сангийн яам нь өөдрөг төсөвтэй, Төв банк нь инфляцийн асуудалтай тулгарахаар байна. Засгийн газрын хувьд хэт өөдрөг төсөв баталсныг амтай болгон нь ярьж байна. Цар тахлын хүнд нөхцөл байдалд импортын гацаа, валютын ханшийн өсөлт, ногоон бүс, ложистикийн асуудлууд дээрээ анхаарал хандуулж, төсвийн хөрөнгө оруулалтаа зөв эрэмбэлэх атал 2020-21 оны хавтгайрсан халамжтай төсвийн бодлого хэвээр явах нь санаа зовоож байна. 

ААН-үүдэд дотоод болон гадаад эрсдэлүүд өндөр хэвээр байна. Гадаад талдаа макро орчин тогтворгүй, харилцагчдын хязгаартай, борлуулалт төдийлөн өсөхгүй байх хандлагатай байна. Аж үйлдвэрийн тэнхимээс хийсэн судалгаагаар ААН-үүдийн 50 хувь нь ирэх жилийн 10 дугаар сар гэхэд борлуулалт хэвийн түвшиндээ хүрнэ гэсэн хүлээлттэй байна гэжээ. Энэ нь ч аргагүй юм. Ковидоос шалтгаалсан хүний нөөц, тээвэр ложистик, санхүүгийн эрсдэлүүд ААН-үүдэд сорилт хэвээр байх болно. Тиймээс ихэнх ААН-үүд бүсээ үргэлжлэн чангалах бодлого барихаар байна.

Эх Сурвалж: Монгол банк

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс