ЭКСПОРТЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ ДУТМАГ БАЙНА
“ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ:
Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Бид боломжит бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, тоо хэмжээ болон үнийн дүнг нэмэгдүүлье гэвэл зах зээлээ зөв сонгож, тухайн улсын тавьсан шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл одоогийн байдлаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хөгжүүлэлт сул, масс үйлдвэрлэлийн чадавх дутмаг байна.
Мөн жижиг ААН-үүд бүтээгдэхүүнээ гадаадын зах зээл рүү шууд экспортлох боломжгүй. Том компаниудаа дагаж экспортод шилжинэ. Иймээс одоогийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, шат дараатай хөгжих шаардлагатай.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод тулгардаг түүхий эдийн чанар гол бэрхшээл болдог. Тухайлбал, маханд антибиотикийн үлдэгдэл их байдаг.
Монгол малын арьс шир, түүхий эд хамгийн сайн гэж өөрсдийгөө хөөргөхийн оронд бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх цаг ирсэн.