Ч.ГАНХУЯГ
ЕРӨНХИЙЛӨГЧ
|
Эрхэм хүндэт гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчид, түншүүд Та бүхний мэндийг мэдэн мэндчилье. Улаанбаатар хотын худалдааны танхим нь 2015 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийслэл хотын бизнесийн орчныг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлийг бэхжүүлэх, гишүүн байгууллагуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, бизнесийн хөгжлйийг бодлогоор дэмжих зорилгын төлөө тууштай ажиллаж ирлээ. Миний бие танхимыг үүсгэн байгуулсан үеэс эхлэн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, байгууллагынхаа хөгжил, төлөвшлийн бүхий л үе шатанд хамт байсан нь нэр төрийн хэрэг гэж боддог. Ийм ч учраас Танхимынхаа Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй энэ цаг үед гишүүд Та бүхнийхээ итгэлийг даан Танхимынхаа хөгжлийг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө хариуцлагатай ажиллахыг зэрэгцээ бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, бизнесийн орчныг сайжруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно. Өнөөдөр Улаанбаатар хот нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч төвлөрсөн цэг бөгөөд бизнес, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, инновацын төв болон хөгжиж байна. Энэ хөгжлийг тогтвортой, өрсөлдөх чадвартай болгоход хувийн хэвшлийн оролцоо, бодлогын зөв орчин, олон улсын хамтын ажиллагаа хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Иймээс манай танхим нийслэлийн хөгжлийг зөвхөн бизнесийн өнцгөөс бус, хотын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах цогц хөгжлийн бодлоготой уялдуулан ажиллахыг эрхэм зорилгоо болгон тодорхойлж байна. |
|
Бид гишүүн байгууллагуудынхаа хүчтэй дуу хоолой байж, төрийн бодлого боловсруулах үйл явцад бизнесийн санал, байр суурийг шинжлэх ухаанч судалгаа, бодит мэдээлэлд тулгуурлан хүргэхийн зэрэгцээ бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллах болно. Түүнчлэн үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, гишүүн байгууллагуудаа шинэ зах зээлд гарах, хөрөнгө оруулалт татах, технологи, инновац нэвтрүүлэх, стратегийн түншлэл бий болгоход бодит дэмжлэг үзүүлэхийг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллана. Улаанбаатар хот бүс нутгийн бизнес, санхүү, инновацын чухал төв болох зорилтыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн манлайлал, олон талын хамтын ажиллагаа шийдвэрлэх ач холбогдолтой гэдэгт бид итгэлтэй байдаг. Улаанбаатар хотын Худалдааны танхим бол зөвхөн бизнесийн байгууллагуудын нэгдэл биш, харин хотын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, бизнесийн таатай орчны төлөө хамтын үнэ цэнийг бүтээдэг түншлэл юм. Бид хамтын ажиллагаа, ил тод байдал, хариуцлага, инновац, манлайллыг эрхэмлэн, гишүүдийнхээ өсөлт хөгжил, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно. Манай үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажилладаг гишүүн байгууллагууд, төрийн болон олон улсын байгууллагууд, түншүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний бизнес улам өргөжин тэлж, хамтын ажиллагаа батжин, шинэ хөрөнгө оруулалт, шинэ боломж, шинэ үнэ цэнийг хамтдаа бүтээхийг хүсэн ерөөе. Хүндэтгэсэн, Ч.Ганхуяг |
|