• Дотоод мэдээ
  • Мөнгөний бодлогын ээлжит шийдвэрээ энэ долоо хоногт Монгол банк танилцуулна

Мөнгөний бодлогын ээлжит шийдвэрээ энэ долоо хоногт Монгол банк танилцуулна

2021/09/14

Хамгийн сүүлд өнгөрсөн зургаадугаар сарын хуралдаанаар бодлогын хүүг хэвээр хадгалах, урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслээр III улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байсан юм.

Харин “Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн шинжээчдийн дунд энэ удаагийн хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах таамаг өндөр байна. Судалгаанд оролцсон шинжээчид бодлогын хүүг түүхэн доод зургаан хувьд хэвээр хадгална гэж санал нэгтэйгээр таамаглажээ.

Хүүг хэвээр хадгалах үндэслэлийн хувьд эдийн засгийг дэмжих шаардлага байгаа ч инфляцыг зорилтот түвшинд барих шаардлагатай гэж үзсэн байна. Үүний тулд бодлогын хүүг бууруулахгүй гэжээ. Макро зохистой бодлогын тухайд мөн хэвээр хадгална гэдэгт дийлэнх шинжээчид санал нэгдсэн байна.

Инфляц долоодугаар сарын байдлаар улсын хэмжээнд 7.4 хувьтай гарсан юм. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 11.2 хувиар, тээврийн бүлгийн үнэ 13.7 хувиар өссөн бол шатахууны үнэ 20 хувиар өсжээ.

Инфляцын түвшин огцом нэмэгдэхэд нэг талаас эдийн засгийн сэргэлт нөлөөлж байгаа ч импортын барааны үнийн өсөлт мөн нөлөөлж байгаа аж. Эдгээрийг харгалзан үзсэнээр энэ оны эцсээр инфляц Төв банкны зорилтын дээд интервал болох найман хувьд хүрэх хэдий ч 2022 оны сүүлийн хагаст зургаан хувийн түвшин рүү буурна гэж Монголбанк тооцоолж байна.

Инфляцад дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, түр зуурын шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байгааг Монголбанк онцолсон юм.

Эх сурвалж: Монголбанк

Үндсэн цэс