Хоёрдугаар сард инфляц улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотод 15.5 хувь гарлаа
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.2 хувь, өмнөх оны эцсээс 3.1 хувь, өмнөх сараас 1.1 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсөхөд
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 15.9 хувь),
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15 хувь,
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 13.1 хувь,
- тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин өмнөх сараас 1.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
- 2019 оны хоёрдугаар сард 6.9 хувь,
- 2020 оны хоёрдугаар сард 6.4 хувь,
- 2021 оны хоёрдугаар сард 2.6 хувь гарч байсан бол
- 2022 оны хоёрдугаар сард 14.2 хувь болж, өмнөх оны мөн үеэс 11.6 нэгж хувиар нэмэгдсэн байна.
- Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.
- Инфляц 2022 оны 2 дугаар сард 14.2 хувь гарсны 50.7 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
- Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 16.1 нэгж хувь, өмнөх сараас 3.4 нэгж хувиар нэмэгджээ.
Төвийн бүсэд 2022 оны хоёрдугаар сард хүнсний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар, Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 14.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод хоёрдугаар сард өмнөх сараас 1 хувь, өмнөх оны эцсээс 3.2 хувь, өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар өслөө.
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2022 оны хоёрдугаар сард 16,100 төгрөг болж, 2019 оны мөн үеэс 45.5 хувь, 2020 оны мөн үеэс 21 хувь, өнгөрсөн оны хоёрдугаар сараас 11.5 хувиар, өмнөх сараас 1.5 хувь буюу 242 төгрөгөөр тус тус өссөн байна.
Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2022 оны хоёрдугаар сард 2255 төгрөг болж, 2019 оны мөн үеэс 29.7 хувь, 2020 оныхоос 22.8 хувь, 2021 оныхоос 56.1 хувь, өмнөх сараас 1.5 хувь буюу 34 төгрөгөөр тус тус өсжээ.