Олон улсын худалдааны танхимын шинэ дарга сонгогдлоо
Олон улсын худалдааны танхимын /ОУХТ/ даргаар Туркийн алдарт бизнесийн байгууллагуудын удирдагч Rifat Hisarcıklıoğlu сонгогдлоо. Тэрээр 2025 оны зургадугаар сарын 30 хүртэл ажиллах юм.
Тэрээр ОУХТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн болох Туркийн ОУХТ-ын дарга бөгөөд Туркийн хамгийн том бизнесийн байгууллага болох Туркийн Танхимууд болон биржүүдийн холбооны (TOBB) ерөнхийлөгч юм.
Rifat Hisarcıklıoğlu нь мөн “Эскихисар” групп компаниудын дарга, Европын танхимуудын дэд ерөнхийлөгч, Ази Номхон далайн бүс нутгийн Худалдааны танхимуудын холбооны дэд ерөнхийлөгч, Туркийн худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны ерөнхийлөгч, Исламын худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн танхимын дэд ерөнхийлөгч аж.
Ноён Rifat Hisarcıklıoğlu нь мөн Туркийн G20-ийг даргалж байх хугацаандаа дэлхийн бизнесийн удирдагчдыг G20-ийн засгийн газар болон удирдагчидтай харилцах гол яриа хэлэлцээний цөм нь байлаа.
Түүний эдийн засгийн хөгжил, бизнесийн хамтын нийгэмлэгт оруулсан хувь нэмрийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, дэлхийн засгийн газар, байгууллагуудаас хүндэт докторын зэрэг, шагнал хүртжээ.
Тэрээр Дэлхийн танхимуудын холбооны /ДТХ/ дүрэм болон ОУХТ-ын үндсэн хуулийн дагуу мөн ДТХ-ны Ерөнхий зөвлөхтэй бүрэн зөвлөлдсөний үндсэн дээр шалгарчээ. Уг албан тушаалд нэр дэвшигчдийг Бангладеш, Боливи, Египет, Кени, Нигери, Туркийн зургаан танхим өргөн мэдүүлсэн байна.
Шинэ дарга ажиллах хугацаандаа олон улсын болон дэлхийн танхимын холбооны хамтын ажиллагааны хүрээг бэхжүүлж, илүү нягт ажиллах, мөн ЖДҮ-д үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү ажиллахаар зорьж байгаа гэнэ.
Ноён Rifat Hisarcıklıoğlu: “ЖДҮ-ийн зах зээлийн хүртээмжийг сайжруулах, цахим худалдааг хөгжүүлэх, тогтвортой байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг гол чиглэлүүд чухал хэвээр байх болно. Миний хувийн нэн тэргүүний зорилт бол эмэгтэйчүүдийг цаашид чадавхжуулах, ДТХ-ны Эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулах явдал юм.
Нэмж дурдахад, ОУХТ, ДТХ-ны хувьд бид чөлөөт худалдаа, олон талт байдал, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг дэлхийн байгууллагуудыг тууштай дэмжих ёстой. Бизнесийнхэн бид олон улсын худалдааг хязгаарлах аливаа оролдлогыг эрс эсэргүүцэх ёстой. Худалдаа бол энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчирдаг, дэлхийн олон сорилтыг шийдвэрлэх гол шийдэл юм. Тиймээс бид чөлөөт, шударга худалдааг дэмжиж, засгийн газруудаа энэ зорилтынхоо төлөө ажиллахыг уриалах ёстой. Би ОУХТ-г дэлхий дахинд хүрээ, нөлөөллөө өргөжүүлэхэд бүх хүчин чармайлтаа зориулна гэдгээ баталж байна.
Дүгнэж хэлэхэд, дараагийн арван найман сарын хугацаанд би ОУХТ-ын удирдлагуудтай хамт дэлхийн өнцөг булан бүрт олон талт хувийн хэвшлийг төлөөлөх танхимуудын хүчийг ашиглахыг хичээх болно. Бид хамтдаа хүн бүрт, өдөр бүр, хаа сайгүй үйлчлэх илүү хүчтэй, илүү үр дүнтэй холбоог байгуулж чадна”.